А.Дэлгэрмаа: Ерөнхий сайд руу харсан харц "бахархлын мөн хүндлэл"-ийн харц байсан юм шүү

А.Дэлгэрмаа: Ерөнхий сайд руу харсан харц "бахархлын мөн хүндлэл"-ийн харц байсан юм шүү

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Таван толгой түлш” компанийн шинээр баригдаж буй үйлдвэр дээр очиж ажилласан билээ. Харин энэ үеэр түүн рүү тус компанийн нэгэн ажилчин бүсгүй ширтэж буй зураг цахим орчинд тарж, олны анхаарлыг татсан юм.

Түүний энэхүү зургийг олон хүн хуваалцаж “яасан хөөрхөн харц вэ” гэх мэт сэтгэгдлийг үлдээж эхэлсэн билээ. Ингээд бид энэхүү зурагны эзэн, “Таван толгой түлш” компаний захиалагчийн хяналтын мэргэжилтэн А.Дэлгэрмаатай холбогдож түүний ажил мэргэжлийн талаар яриа өрнүүллээ.

СОНСОХ:

-ЕРӨНХИЙ САЙД ТЭР ҮЕД МАНАЙ АЖИЛЧДАД УРАМ ХАЙРЛАЖ,
СЭТГЭЛИЙН ҮГЭЭ ХЭЛЖ БАЙСАН ЮМ-

-Сайн байна уу. Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн, сайн байна уу. Уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг А.Дэлгэрмаа гэдэг. Би “Таван толгой түлш” компанид захиалагчийн хяналтын мэргэжилтэнээр ажилладаг. Энэ байгууллагад ороод нэг жилийн хугацааг үдэж байна. Энэ хугацаанд мэргэжлийн дагуу их зүйл сурч, мэдэж буйдаа баяртай байдаг. Манай компани 2018 онд байгуулагдсан.

-Таны зурагны хувьд сүүлийн хэдэн өдөр цахим орчинд хүмүүсийн анхаарлыг их татлаа. Тэр зурагныхаа талаар уншигчдад тайлбарлавал?

-Өнгөрсөн Пүрэв гариг буюу есдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх баруун бүсийн нэгдүгээр үйлдвэр дээр ирж ажилласан. Тэр өдөр тус үйлдвэрийн энгийн гар ажиллагаатай байсан тоног төхөөрөмжүүдийг бүрэн автоматжуулж, аюулгүй, хэвийн ажиллагаатай болсныг илтгэн Ерөнхий сайдаар анхны автомат үйлдвэрийн кнопыг даруулсан юм. Энэ үеэр Ерөнхий сайдыг зарлан мэдээллэх систем буюу үйлдвэр даяар сонсогддог чанга яригчаар дамжуулан “Манай үйлдвэрийн мянга гаруй ажилчдад мэндчилгээ дэвшүүлээч” гэж хүссэн юм.

Ингээд У.Хүрэлсүх сайд суугаад “Намайг сонсож байгаа бүх ажилчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн өдөр шөнөгүй хөдөлмөрлөн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж эх орныхоо агаарын бохирдлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулж байгаа эгэлгүй баатрууд шүү. Та нараараа маш их бахархаж байна” гэж сэтгэлийн үгээ хэлсэн юм. Тэр үед би хамт олноороо болон ерөнхий сайдаар маш их бахархсан. Тиймээс тэр бол цэвэр бахархлын бас хүндэлсэн харц байсан шүү \инээв\.

-ӨӨРИЙНХӨӨ ТИЙМ ЗУРГИЙГ ТАВИГДАНА ГЭЖ ОГТ ТӨСӨӨЛӨӨГҮЙ.
ГЭХДЭЭ ИХЭНХ ХҮМҮҮС ЭЕРЭГЭЭР ХҮЛЭЭЖ АВСАН НЬ
ИХ САЙХАН САНАГДСАН-

-Тэр зургаа хэзээ харсан бэ. Хүмүүсийн анхаарлыг их татсанаа мэдээд ямар санагдав?

-Ер нь бол хүмүүсийн ихэнх нь их эерэгээр хүлээж авсан учраас маш гоё санагдсан. Анх манай компанийн иргэдэд мэдээлэл хүргэдэг “Сайн түлш”, “Монголчуудын түлш” гэсэн цахим хуудаснаас харсан. Манай үйлдвэр анх удаа диспетчэрийн өрөөтэй болсон учраас бид нарын тэр үеийн зураг орсон байх гэж бодож байсан. Гэхдээ арай ч миний яг тэгж харж байгаа зураг орчихсон байна гэж төсөөлөөгүй.

Тэгээд гайхаад ороод харсан чинь ихэнх хүмүүс “Энэ яг крашруугаа л хардаг харц байна” гэсэн байсан. /инээв/

Удалгүй манай бүх найзууд тэр зургийг над руу явуулсан. Тэр зурагны дор намайг меншион хийж, шэйрлэсэн. Ер нь найзууд маань улам сенсаацласан \инээв\. Түүний дараа манай ажлын хэд хэдэн хүмүүс “Над руу бас тэгж хараад өг” гээд хамт зургаа даруулцгаасан. Тэр зургууд нь бас сошиалаар нэлээн тарж “энэ охин Ерөнхий сайд руу харсан шигээ харж чадаагүй байна” гэсэн байсан.

-Шинээр баригдаж байгаа үйлдвэрийнхээ талаар танилцуулаач. Хэзээ ашиглалтанд орох вэ?

-Манай зүүн бүсийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил тавдугаар сараас эхэлсэн. Ирэх арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Засгийн газрын 2020 оны 35 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж эхэлсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд бүтээн байгуулалтын ажлын явц, үйлдвэрийн үндсэн барилга, тоног төхөөрөмжийн угсралт, газар доорх байгууламж, газын бойлер, агуулах, цахилгааны дэд станц, 150 ажилчны амрах байр, нийтийн халуун ус, хоолны газар зэрэг ажлууд 48 хувьтай явагдаж байна.

-Өнгөрсөн өвөл сайжруулсан түлшийг хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурсан гэж үзсэн. Шинэ үйлдвэр ашиглалтанд орсноор энэ жил агаарын бохирдлыг дахин бууруулах боломжтой юу?

-Тийм ээ, өнгөрсөн жил олон улсын томоохон судалгааны байгууллагуудын дүгнэлтээр сайжруулсан түлш нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан гэж үзсэн. Ирэх өвөл баруун болон зүүн бүсийн үйлдвэр ашиглалтанд орсноор агаарын бохирдлыг 80 хувь бууруулах зорилт тавин ажиллаж байна.

-Ирэх өвлийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Танай компаний зүгээс иргэдэд зориулсан сургалтыг ихээр явуулж байгаа харагдсан?

Тиймээ,  манай компанийн Баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 12 шугамтай, жилд 600 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор зургаан шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллах юм.Одоогоор нийслэлийн зургаан дүүргийн 71 агуулах болон үйлдвэрт 73 мянга гаруй тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна. Тиймээс энэ өвлийг өнтэй давна гэсэн итгэл дүүрэн байна. Харин мидлинг буюу түүхий эдийн нөөц дундын агуулахад 386 мянган тонн, баруун бүсийн үйлдвэрт 32 мянга, зүүн бүсийнхэд 2000 тонн болсон. Мөн хэрэглэгчдэд үйлчлэх алба гэж байгуулан айлуудад тулгарч буй асуудлууд дээр шуурхай ажиллан, үнэгүй сервис үйлчилгээ үзүүлж эхэлсэн байгаа.

-НИЙСЛЭЛЧҮҮД МААНЬ ЭНЭ ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВНА
ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙГАА-

-“Яндангаа хөөлье” аян эхэлчихсэн явж байгаа. Айл бүхэн өөр, өөр төрлийн зуух хэрэглэж байгаа учраас бас энэ тал дээр мэдлэг дутмаг байгаа байх?

-Тийм ээ, энэ аян эхлээд сар болж байна. Айл болгон өөр, өөр төрлийн яндан, зуухтай учраас бид айл бүрт тохирсон сервис үйлчилгээг үзүүлээд явж байна. Манай түлшийг ашиглахын тулд заавал ийм зуухтай, тийм яндантай байна гэсэн шаардлага байхгүй. Тиймээс бид цаашид бүх айлд тохирсон үйлчилгээг үзүүлж ажиллах юм.

-Цаашид танай компани юуг зорьж ажиллах вэ?

-Шахмал түлшний борлуулалтын цэгийн тоо өнгөрсөн онд 400 байсан бол энэ жил 1000 болгоно. Мөн 500 өрхийн дунд нэг байсан цэгийг энэ жил 200 өрхөд нэг байхаар тооцоолж 11 бааз, 550 савлагч ажиллуулна хэмээн төлөвлөөд явж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.