БНХАУ-д хандивлах нэг хонийг 95 мянган төгрөгт үнэлэн Хэнтий зэрэг аймгаас худалдан авч байна

БНХАУ-д хандивлах нэг хонийг 95 мянган төгрөгт үнэлэн Хэнтий зэрэг аймгаас худалдан авч байна

БНХАУ-д коронавирусийн халдвар энэ оны нэгдүгээр сараас газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн. 

Мөн Монголын ард түмнээс хандивлаж байгаа 30 мянган толгой хонийг БНХАУ-ын тал “амьдаар авах хүсэлтэй” буйгаа уламжилсан бөгөөд манай Гадаад харилцааны яам болоод Мал эмнэлгийн үржлийн газар тус асуудал дээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа билээ.

-ИРГЭДИЙН ХАНДИВААР ӨГСӨН ХОНИЙГ АВАХГҮЙ, ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАР АЙМГААС ХОНЬ АВСАН АЖЭЭ-

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын дараа манай иргэд, байгууллагын хандиваар 14,846 /арван дөрвөн мянга найман зуун дөчин зургаа/ хонь цуглараад байсан юм. 

ТУХАЙЛБАЛ, 

  • Увс аймаг 1000 хонь, 
  • Булган аймаг 1500 хонь, 
  • Булган аймгийн АН 1500 хонь, 
  • Төв аймгийн малчин С.Гомбо-Очир 108 хонь, 
  • УИХ-ын гишүүн Б.Наранхүү 2000 хонь, 
  • Говь-Алтай аймаг 1111 хонь, 
  • Баян-Өлгий аймаг 1080 хонь,
  • Баянхонгор аймгийн Галуут сум 300 хонь, 
  • Баянцагаан сум 100 хонь, 
  • АН-ын ЕНБД Ц.Туваан 30 хонь, 
  • Дундговийн иргэн н.Төмөрзүрх 20 хонь, 
  • Дорнодын Дашбалбарын сум 100 хонь, 
  • Дорнод аймаг Баяндун сумын малчин н.Батмөнх 100 хонь, 
  • Архангайн Цахир сумын малчин н.Гэрэлтцогт 20 хонь, 
  • Баян-Өлгийн аймгийн залуучууд 100 хонь,
  • Баянхонгор аймгийн иргэн н.Дамдин 3 хонь, 
  • Төвийн аймгийн малчин н.Ширчин хүүхдүүдийн хамт 10 хонь, 
  • АН-ын гишүүн Ц.Жадамба 10 хонь, 
  • АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд 10 хонь, 
  • Иргэн Г.Дамбадаржээ 10 хонь, 
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 200 хонь,
  • Хэнтий аймгийн Норовлин сумын иргэд 300 хонь, 
  • Завхан аймаг 2234 хонь,
  • Ховд аймаг 1000 хонь, 

Сүхбаатар аймаг 2000 хонь тус бүр хандивлахаа мэдэгдээд байсан юм. Улмаар "30 мянган толгой хонь" цуглуулахад ямар зохион байгуулалт хийгдэж, эздэдээ хэрхэн очих талаар өгүүлэх баримтат киног манай улсын ТВ2 телевиз болон БНХАУ-ын ССTV /China Center television/ хамтран бүтээж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл иргэдийн хандивласан дээрх бүх хонийг улсаас цуглуулж авахгүй байгаа бололтой. Учир нь зарим аймгуудад сүүлийн 3 жилийн дотор малын шүлхий өвчин гарсан тул тухайн бүс нутгаас мал авахгүй байх, олон улсын эрүүл ахуйн шаардлагыг мөрдөж байгаа бололтой. 

Иймээс Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэсэн гурван аймгийн малчдаас нэг хонийг нь 95 мянган төгрөгт үнэлэн худалдан авч, БНХАУ-д хандивлах 30 мянган хонин сүргийн тоо, толгойг бүрдүүлж байгаа ажээ. Одоогоор 18 мянган толгой хонь бүрдээд байгаа ба үүний 5 мянга нь манай улсын хилээр гарахад бэлэн болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.