МОНГОЛ БАНК: Гадаад валютын улсын нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрчээ

МОНГОЛ БАНК: Гадаад валютын улсын нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрчээ

Монголбанкнаас 2019 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлын талаар өнөөдөр /2019.07.05/ мэдээлэл хийлээ.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг  “Ирэх наймдугаар сард Ази номхон далайн бүлгийн хурал болно. Тэр хуралд Үндэсний зөвлөлөөс оролцохоор бэлтгэлээ хангаад, шууд хэрэгжилтийн 11 зорилт дээр 11 ажлын хэсэг гаргаад явж байгаа. Энэ ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Г.Элбэгсайхан ахалж байна. Саарал жагсаалтад орохгүй байхын төлөө сүүлийн хоёр жил ажилласан. Одоо ирэх наймдугаар сар, аравдугаар сард болох олон улсын хурлуудаас ажлын үр дүнгээ харна. Саарал жагсаалтад орлоо гэхэд үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, Монгол Улсад хугацаатай даалгавар өгч, өндөр түвшинд амлалт авна. Манай улсын Үндэсний зөвлөлийн даргад олон улсын байгууллагаас захиа ирүүлэхдээ “Ерөнхий сайдын түвшинд төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Энэ асуудалд өндөр түвшинд ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэх ёстой” гэлээ.

Мөн ОУВС-гийн ажлын хэсэг 2019 оны 6-р сарын 19-өөс 28-нд Монгол Улсад ажиллаж, ОУВС-гийн Дүрмийн IV заалтын дагуу хэрэгждэг 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг хийлээ. Улс орнууд ОУВС-гийн гишүүн болсноор тус сангийн дүрмийг зөвшөөрч, дүрмийн IV дэх заалтын дагуу тогтсон хугацаанд эдийн засаг, санхүүгийн секторын тогтвортой байдлаа үнэлүүлэх, зөвлөлдөх хэлэлцээг хийдэг билээ. Энэ удаагийн яриа хэлэлцээг ажлын хэсэг УИХ-ын дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Засгийн газрын бусад албан тушаалтан, хувийн хэвшил, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзаж хийв.

Тус зөвлөлдөх хэлэлцээний төгсгөлд ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб 2016 онтой харьцуулбал Монгол Улсын эдийн засагт мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарсныг дурьдаад гадаад секторын хувьд Монголбанк нөхцөл байдлыг ашиглан гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлж чадсаныг онцоллоо. Цаашид эдийн засгийн хамгаалалтыг бий болгож, шокоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж, бүтцийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх замаар өнөөг хүртэл хүрсэн үр дүнг өргөжүүлэх нь тэргүүлэх зорилт байх ёстойг ажлын хэсэг тэмдэглэжээ.

Монгол Улсын гадаад валютын улсын нөөц тогтвортойгоор өссөөр 2018 оны 6-р сарын байдлаар 4.0 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь сүүлийн 6 жилийн дээд үзүүлэлт гэж энэ үеэр Монгол банкнаас мэдэгдэж байлаа. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь  Монголбанкнаас худалдан авах үнэт металлын хэмжээ нэмэгдсэн явдал байв. Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.доллараар Монгол Улсын ГВАН-ийг нэмэгдүүллээ. Түүнчлэн томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулжээ.

Уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилсэн, экспортын гол түүхий эдийн үнэ, эрэлт тогтвортой байсан, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа, банк, санхүүгийн байгууллагууд олон улсын санхүүгийн зах зээлээс хөнгөлөлттэй эх үүсвэр татсан зэрэг нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд гол түлхэц болжээ.

Монгол банкны үйл ажиллагааны бусад мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.