БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд ирлээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд ирлээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад ирлээ.Хоёр талын албаны хүмүүс БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-г “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав.

Түүний албан ёсны айлчлал 16.00 цагт эхэлнэ. Ван И нь манай улсад айлчлахдаа Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай уулзаж өргөтгөсөн хэлэлцээр хийнэ. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхаж магадгүй гэх мэдээлэл байгаа юм.

Гэхдээ айлчлалын бүрэлдэхүүн болон уулзалтад оролцсон хүмүүсийг 14 хоног тусгаарлах учир төрийн гурван өндөрлөгтэй уулзахгүй ч байж мэднэ гэх мэдээлэл байгаа юм. Түүнийг айлчлалын үеэрээ БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдаж буй шинэ төв цэвэрлэх байгууламжийн нээлтийг хийнэ, 1080 айлын орон сууцны шавыг тавихад оролцож магадгүй гэх мэдээлэл бий. Мөн Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурах аж. Түүнчлэн Хилийн боомтууд, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчилж, Монгол Улсаас БНХАУ руу хөх тарианы гурил экспортлох тухай хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн байна.

Энэ удаагийн айлчлал хоёр орны дипломат болон эдийн засаг, улс төр, батлан хамгаалах, худалдаа хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүч, иргэдийн солилцоог дэмжих нэг шат ахиулна гэж үзэж буй. Харин манай улсын зүгээс нүүрсний экспортыг нэмэгдүүлэх саналыг айлчлалын үеэр тавина.

Айлчлал маргааш албан ёсоор өндөрлөнө.