Олимпийн наадмыг ямар ч тохиолдолд ахин хойшлуулахгүй хэмээн мэдэгдлээ

Олимпийн наадмыг ямар ч тохиолдолд ахин хойшлуулахгүй хэмээн мэдэгдлээ

Цар тахлын улмаас хойшлоод байсан “Токио-2020” Олимпийн наадам 2021 оны долдугаар сарын 23-аас наймдугаар сарын 8-ныг хүртэл Токио хотод зохион байгуулагдахаар болсныг албан ёсоор зарлалаа.

Олон улсын олимпийн хорооны Дэд ерөнхийлөгч Жон Коутс “Олимпийн наадмыг ямар ч тохиолдолд ахин хойшлуулахгүй бөгөөд COVID-19-ийг ялан дийлж, хонгилын үзүүрт гэрэл гийх бэлэг тэмдэг бол энэхүү наадам байх ёстой” гэжээ.

ОУОХ, “Токио­-2020” наадмыг зохион байгуулах хорооноос тамирчдын бэлтгэл, олимпийн эрхийн тэмцээнүүд, ирэх онд болох томоохон тэмцээн уралдааны хуваарь зэрэг олон зүйлийг харгалзсаны эцэст дээрх хугацаан дээр санал нэгдсэн байна. Мөн олимпийн наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулах магадлалын талаар ярилцаж байсан ч ийм нөхцөл байдал үүсэхгүй байхаар ажиллаж байгаа талаар зуны олимпийг зохион байгуулах хорооны удирдагчдын нэг Тоширо Мүто мэдэгдлээ. Харин наадмын “Нээлт, Хаалт”-ын ёслолыг хялбаршуулж, оролцох хүмүүсийн тоог цөөлж магадгүй талаар тэрбээр хэлсэн юм.

2021 онд зохион байгуулагдахаар болсон зуны Олимпод 200 гаруй улс орны 11 мянга орчим тамирчид нийт 33 спортын төрөлд өрсөлдөх юм.