Р.Пүрэвдагва: Эмчилгээнд хориотой бодис орсныг мэдсэн бол энэ жилийн баяр наадмыг өнжих байсан

Р.Пүрэвдагва: Эмчилгээнд хориотой бодис орсныг мэдсэн бол энэ жилийн баяр наадмыг өнжих байсан

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн их баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны шөвгийн 16 бөхийн допингийн шинжилгээний хариу хэд хоногийн өмнө ирсэн. 

БНСУ-ын олон улсын итгэмжлэгдсэн лабораторид хянагдаж, хариу нь гарсан дээрх шинжилгээгээр гурван бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, Улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-Орших нарын шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн гэж буй. Улмаар улсын аварга Н.Батсуурь шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрч бөх сонирхогч үзэгч, ард түмнээсээ уучлалт гуйсан. Харин бид Монгол Улсын арслан Р.Пүрэвдагватай уулзаж, учир байдлыг тодруулж ярилцлаа. Асуудал бүрийн цаана шалтгаан бий. Чухам тэр нь юу байсныг өөрөөс нь тодрууллаа. 

--ХАГАЛГААНД ОРВОЛ БИ БАРИЛДАЖ ЧАДАХГҮЙ БОЛНО-

-Шөвгийн 16 бөхийн шинжилгээнээс нь допингийн төрлийн бодис илэрсэн гурван бөхийн нэг нь та болж байх шиг байна. Өөрөөрөө маш амжилттай барилдаж ирсэн байж допинг хэрэглэсэн асуудалд нэр холбогдож буй нь үнэхээр харамсалтай байна. Яагаад ийм асуудалд орооцолдчихов. Хөлний бэртэл, гэмтэлдээ хэрэглэсэн эм, тарианы чинь найрлагад допингийн төрлийн бодис агуулагдаж байж гэж та уржигдар /2020.09.15/ хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн. Таны хөл анх хэзээ бэртсэн юм бэ? 

-2011 онд Бөхийн өргөөнд барилдаж байгаад хөлөө бэртээсэн юм. Түүнээс хойш олон жил хөлний бэртэлтэй явж байна. Боолттой, гадуур нь төмрөн өвдгөвчтэй олон жил барилдсан. Нэг үгээр хэлбэл чиг барьж боогоод барилддаг байлаа шүү дээ. Сүүлийн жилүүдэд бэртэл бүр хүндэрч хоёр хөл өвддөг боллоо. Эрүүл хөл хэт их ачаалал авахаар бас өвддөг юм байна. Хоёр хөлөндөө өвдгөвчтэй улсын наадамд барилдаж байсныг харсан байх. Орноосоо ч босч чадахгүй байсан үе надад олон бий. Өвдөлт нь жилээс жилд нэмэгдэж байна. Өрсөлдөж, барилдаж буй хүмүүстээ сул болон давуу байдал бий болгохгүйн тулд бэртэл, гэмтлээ их нууж ирсэн. 

-Эмч нар таны оношийг юу гэж тогтоосон вэ? 

-Хөлний маань чагтан холбоос бэртэж, тасрах хүртэл аюултай болсон байна гэдэг. Аль болох хагалгаа хийлгэлгүй эдгээхээр уламжлалт эмчилгээ хийлгэж байлаа. Аргалах гэж их үзсэн. Сүүлдээ бүр барахаа байсныг миний амжилт буурч эхэлснээс харж болно. Сайн барилдаж, амжилт гаргаж чадахгүй болсон гол шалтгаан хөлтэй минь холбоотой. 

-Эмнэлгийн зүгээс танд ямар зөвлөгөө өгдөг вэ? 

-Цаг алдалгүй хагалгаанд ор гэж дотоод, гадаадын эмч нар зөвлөдөг. 5-10 кг зүйл ч өргөж чадахгүй түвшинд хүрэхээр байна. Та хагалгаанд ороод 2-3 жил гам барина. Түүнээс цааш юун барилдаж, ноцолдох хөл дээрээ явж чадвал их амжилт гэж эмч нар тайлбарладаг.

Гэхдээ хагалгаанд орвол би барилдаж чадахгүй болно. Би бөхөд хайртай ард түмнийхээ дунд дахин хэдэн жил баймаар байна. 

Бас надад зорилго, бөхийн карьер бий. Байнгын эмчилгээ хийлгэдэг. Ингээд л эмчилгээндээ хэрэглэсэн эм, тарианы найрлагад нөгөө хориотой 300 гаруй төрлийн эмийн бодисын нэг нь байж. Би үнэхээр анзаарсангүй. Анзаарах ёстой байсан. Гэхдээ эмийн янз, янзын нэршил, төрлөөс болоод анзааргагүй өнгөрчээ. Үүнээсээ болоод хэцүү асуудалтай тулгарч, итгэж өгөхөд бэрхтэй л болоод байна. Үнэндээ зүүд байгаасай гэж бодох боллоо. 

-МЭДСЭН БОЛ ЭНЭ ЖИЛИЙН БАЯР НААДМЫГ ӨНЖИХ БАЙСАН-

-Таны санамсар, болгоомжгүй байдлаас л болсон байна шүү дээ? 

-Тиймээ. Би шинжилгээний хариуг үгүйсгэж, мэлзэхгүй. Үнэхээр санамсар, болгоомжгүйгээсээ болж ийм алдаа гаргалаа. Над шиг мэдлэг, мэдээлэлгүйгээсээ болж дахин өөр бөх алдах вий гэж сэрэмжлүүлж байна. Миний буруу. Би санамсар болгоомжгүйгээс болоод алдаа гаргажээ. Монголынхоо ард түмнээс хүлцэл өчиж байна. Уучлалт гуйгаад л болоо юу гэж хүмүүс намайг шүүмжилж байна. Гэхдээ үнэнээ хэлэх шиг сайхан зүйл үгүй. 

-Таны сэтгэл зүй яг одоо ямар байна? 

-Үнэхээр хүнд байна. Бөхчүүдийг олон хүн танина. Ёс жудгаа дээдэлж, нэрээ хичээж явахыг бид хичээдэг. Энэ ч ёс уламжлалаар өсч, хүмүүжсэн. Спорт намайг хүмүүжүүлсэн. Гэтэл ийм асуудалд нэр холбогдлоо. Би хүнтэй ч уулзаж чадахгүй байна. Сэтгэл зүйн хувьд үнэхээр дарамт, стресстэй байна. 

-Ирэх жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой болно. Тэр том ойн өмнөх жил допинг гэх асуудалд холбогдож, чимгээ хураалгаж, барилдах эрхээ хасуулах тэнэг бөх байна гэж бодохгүй байна? 

-Хориотой бодис хэрэглэсэн бол нээх удалгүй илэрч, баригдах нь тодорхой. Тийм байхад би өөрийгөө эрсдэлд оруулж, хорлох уу. Ялангуяа 100 жилийн ойн наадмын өмнө. Хэрвээ миний бэртлийн эмчилгээнд хориотой бодис орсон, шинжилгээнээс хориотой эмийн төрлийн бодис илрэхийг мэдсэн бол би монголчуудаа, төрийн наадмаа, бөхчүүдээ хүндлээд энэ жилийн баяр наадамд зодоглохгүй, өнжих байсан. 

Тэртээ, тэргүй 100 жилийн ойн том наадам намайг хүлээж байна. Энэ 100 жилд 20 гаруй аварга, 40 гаруй арслан л төрсөн шүү дээ. Тэдний нэг байж яагаад би туулж ирсэн бүхнээ нэг л үйлдлээр үгүйсгэх гэж. Дараа жилийн наадам гэдэг бөхчүүдийн хувьд ямар үнэ, хүндтэй чухал билээ. Хэрвээ би энэ жил хэрэглэсэн бол түрүүлдэг юм байгаа биз дээ. Би бөхөд хайртай, шударга аавын хүү. Тийм байж ийм зүйл хийхгүй. 

-Ирэх жилийн наадамд та ямар зорилго тээж барилдах төлөвлөгөөтэй байсан? 

-Барилдаж эхэлснээсээ хойш допингийн асуудалд нэр холбогдож байсангүй. Бидний үеийнхэн хашир туршлагатай бөхчүүдийнхээ тоонд орно. Залуу бөх биш шүү дээ. Аймгийн арслан байгаад улсын цолд зүтгэсэн биш. Эсвэл улсын начин байгаад харцага болох гэсэн биш. Тэгэхээр надад тийм зүйлийг зорьж хэрэглэх шаардлага байхгүй. Нэр төрөө бодно шүү дээ. Намайг хүндэлдэг ард түмнийхээ дунд нэрээ хугалахыг хүсэхгүй. 

Би сайхан барилдаан үзүүлэхийн төлөө, амжилт гаргаж энэ хүртэл явж ирэхийн төлөө залуу нас, бүхий л амьдралаа зориулсан. Өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл бэлтгэл хийдэг, сэтгэл, зүрх бүхий л амьдралаа бөхөд өгсөн. Олон жилийн хөлс, хөдөлмөрөө нэг л өдөр унагаж өөрийгөө хорлоно гэж үү дээ. Бөх хүн алдахад аав, ээж, эхнэр хүүхэд, ах дүү, найз нөхөд, бөхөд хайртай үзэгчдийнх нь итгэл алдардаг. Би түүнийг мэдэрдэг. Тэр итгэлийг алдахгүйг хичээж ирсэн. Би хичээж л барилдахыг хүсч байсан. 

-БИ “В СОРЬЦ”-ЫН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХГҮЙ-

-Та B сорьцын шинжилгээ өгөх үү? 

-Олон улсын нэршилтэй албан ёсны мэргэжлийн лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг дахин шинжлүүлээд яах билээ. 

-Допингийн эсрэг Үндэсний төв болон Бөхийн холбооноос та бүхэнд допингийн талаар сургалт, мэдээлэл хэр өгдөг вэ. Хэрэглэж болохгүй хориотой эмийн бодисуудыг танилцуулдаг л байх. Тийм үү. Ер нь допингийн асуудлыг яаж шийдвэрлэх ёстой гэж боддог вэ? 

-Бараг үгүй юм. Эм зүйч нар хүртэл эргэлзэхээр, лавшруулж судлахаар олон нэршилтэй эм байна шүү дээ. Тэгэхээр бидний толгой эргэх нь аргагүй биз. Одоо цагт ханиад хүрээд эм уухад хүртэл асуудалтай болж. Тухайлбал, бидэнд тусгайлан үзүүлэх спортын эмч алга. Бидэнд мэдээлэл өгөх хэрэгтэй болов уу. Мөн тусгайлан эмчтэй байх хэрэгтэй. Гэхдээ энэ удаа миний хариуцлагын асуудал сөхөгдөж байна. Би үнэхээр мэдлэггүйгээсээ болж алдлаа. Монголын ард түмнээсээ дахин уучлалт гуйж байна. 

-Ярилцсанд баярлалаа. 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө