БИДНИЙ ТУХАЙ: БНХАУ Гадаад хэргийн сайдынхаа Монголд хийсэн айлчлалын талаар юу ярив

БИДНИЙ ТУХАЙ: БНХАУ Гадаад хэргийн сайдынхаа Монголд хийсэн айлчлалын талаар юу ярив

БНХАУ-ы Гадаад хэргийн сайд Ван И Монголд улсад хоёр хоногийн албан ёсны айлчлал хийн өчигдөр буцлаа. Энэхүү айлчлал нь цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын, мөн Өвөр Монголын Өөртөө Засах оронд өрнөж буй “монгол бичгээ хамгаалах тэмцлийн” үеэр болж буй гэдгээрээ онцлог. Тэгвэл БНХАУ-ын хэвлэлүүд энэхүү уулзалтын талаар ямар мэдээлэл гаргасныг тоймлон хүргэж байна.

БНХАУ-ЫН ОЛОН УЛСЫН РАДИО: ХОЁР ОРНЫ ХАРИЛЦАА ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ТЭМЦЛЭЭР УЛАМ БЭХЭЖЛЭЭ

Монгол улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 9-дүгээр сарын 15-16-нд Монгол улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд ноён Ван И Монгол Улсын төрийн гурван өндөрлөгт бараалхжээ.

Шинэ коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш Хятад, Монгол хоёр орон харилцан бие биедээ тусалж, саад бэрхшээлүүдийг хамтдаа даван туулж байна. Хоёр орон өндөр түвшний харилцаа холбоогоо хадгалсны сацуу улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсэн хэвээр байна.

Хятад улсад цар тахал дэгдсэн хамгийн хүнд цаг үед Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцгой айлчлал хийж, Хятад улсад дэмжлэг үзүүлж буйгаа илэрхийлэн 30 мянган хонь хандивласан бөгөөд Монголын ард түмэн Хятад улсад зориулан хандив босгох үйл ажиллагаа өрнүүлсэн юм.

Хятадын тал үүний хариуд халдвараас урьдчилсан сэргийлэх туршлага, мэдээллээ Монгол Улстай шууд хуваалцаж, эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлж, хоёр орны харилцаа цар тахлын шалгуурыг даван гарч, цар тахлын эсрэг хамтын тэмцлээр улам бэхэжлээ.

БНХАУ-ЫН ТӨВ ТЕЛЕВИЗ: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖИЛ, ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ САЙЖРУУЛАХАД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Монгол улсад хөл хорионы дэглэм үйлчилж буй нөхцөлд БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И айлчилсан нь онцгой үйл явдал боллоо. Хятад улс цар тахалтай тэмцэх чиглэлд Монгол Улстай хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэх, хоёр оронд “халдвар тархаагүй байгаа” энэ таатай үеийг хадгалах, цар тахал урт хугацаанд үргэлжилж болзошгүй тул бэлтгэлтэй байх чиглэлд хамтран ажиллах болон сэргийлэх, хяналтын ажиллагааг бэхжүүлэх, бараа бүтээгдэхүүний экспорт, импортын “ногоон гарц”-ыг түлхүү ашиглах, хоёр талын төлөөлөгчдийн айлчлалын “шуурхай сувгийг” байгуулах ажлыг түргэвчлэх, вакцин болон эмийн чиглэлээр хамтран ажиллах багтжээ.

Энэ үеэр ноён Ван И “Цар тахал яваандаа намжина. Харин Хятад Монголын найрсаг харилцаа үүрд үргэлжилнэ. Хятад улс Монголын эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, нийтлэг хөгжил цэцэглэлтэд хүрэхэд Монгол улстай хөгжлийн боломж, туршлагаасаа хуваалцахад бэлэн байна. Хоёр орны давуу талууд харилцан бие биеэ нөхөж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хэтийн төлөв боломжоор дүүрэн байна. Хоёр орон цар тахлын улмаас алдагдсан цаг хугацааг нөхөж, гол төслүүдийнхээ үйл явцыг аль болох ойрын хугацаанд үргэлжлүүлнэ” гэдгийг мэдэгдлээ.

СИНХУА АГЕНТЛАГ: ХЯТАД, МОНГОЛ ХОЁР ОРОН НИЙТЛЭГ АШИГ СОНИРХОЛЫГ БАРИМТАЛДАГ

...Айлчлалын үеэр талууд өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны  тохиролцоонд хүрч, “Бүс ба зам” болон Монголын “Талын зам” санаачилгын бүтээн байгуулалтыг зэрэгцүүлэх ажлыг түргэвчлэх, цэвэрлэх байгууламж, усан цахилгаан станц байгуулах, гэр хорооллын нөхцөлийг өөрчлөн сайжруулах зэрэг урьд нь тохиролцсон болон хэлэлцээрийн шатанд явж буй бусад томоохон төслийг урагшлуулах, Монголын хөдөө аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүн, нүүрсний импортыг өргөжүүлэх, хилийн боомтууд, хил дамнасан эдийн засгийн бүсийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар тохиролцсон байна.

Мөн талууд улс төрийн харилцан итгэлцлийг үргэлжлүүлэн бэхжүүлж, хоёр талын харилцааны улс төрийн үндэсийг батжуулах, ялангуяа үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, бие биеийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх хэрэгтэй. Энэ нь олон улсын харилцааны үндсэн зарчим бөгөөд уг зарчим хоёр талын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.

Хятад, Монгол хоёр орон олон улсын, бүс нутгийн асуудалд нийтлэг ашиг сонирхлыг баримталдаг учир, НҮБ болон олон талт бусад хүрээн дэх дэмжлэг, хамтын ажиллагааг бэхжүүлж, нэг талт байдал, хуваагдал, дайсагналыг эсэргүүцсэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжсэн эерэг дохиог хамтран илгээх хэрэгтэй.

CHINA DAILY MORNING: ЖАГСАГЧИД ВАН И ЯВААД ӨГӨӨЧ ГЭСЭН ЛООЗОН БАРЬЖЭЭ

Хятадын гадаад хэргийн сайд Ван И-ийн мягмар гарагт Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр уламжлалт хувцастай олон эсэргүүцэгчид Улаанбаатар хотын төв талбайд цугларчээ.

Тэд Өвөр монголын өөртөө засах оронд “монгол хэлийг устгаж байна” хэмээн үзэж жагссан байна. Төв талбайд цугларсан 100 гаруй эсэргүүцэгчид “Ван И яваад өгөөч” гэсэн уриа лоозон барьж, хэлээ хамгаалахыг уриалав.

Хятадын бодлогыг хэдэн арван мянган хүн эсэргүүцэж, монгол хэл, соёлыг уустгах алхам гэж үзэж буй бол БНХАУ энэхүү шийдвэрээ эв нэгдлийг дэмжих зорилгоор боловсруулсан хэмээн тайлбарлаж байгаа.

Монголын өмнөх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ асуудалд тун шүүмжлэлтэй хандаж байна. Ерөнхийлөгч асан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, Хятадын автономит бүс нутагт явуулж буй үйл ажиллагааг “соёлын геноцид” хэмээн шүүмжилж, хэл, соёлоо хадгалахыг эрэлхийлж буй монголчуудыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Харин БНХАУ-ын элчин сайд Чай Вэнруй мягмар гарагт Монголын сонинд өгсөн ярилцлагадаа Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг нь шүүмжилж, "Өвөр Монголын нөхцөл байдлын талаар ташаа мэдээлэл нь хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлнө" гэж мэдэгджээ.