"Хишиг Арвин Өргөө Индустриал" ХХК-ийн захирал Б.Хишигдоржид нэг жилийн тэнсэн харгалзах ял өгчээ

"Хишиг Арвин Өргөө Индустриал" ХХК-ийн захирал Б.Хишигдоржид нэг жилийн тэнсэн харгалзах ял өгчээ

Одоогоос жил гаруйн өмнө иргэн Б.Болороогийн нөхөр Б нь лифтний хонгилд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр түүний нөхрийг ажлын байрандаа архидан согтуурч, осолдож нас барсан хэмээсэн байдаг. Энэхүү дүгнэлтийн дараа Б.Болороо төв талбайд суулт хийж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах, мөрдөн байцаалтыг дахин эхлүүлэх тухай шаардлага гаргаснаар албаныхан хэргийн шалгалтын ажиллагааг дахин эхлүүлсэн.

Тэгвэл өчигдөр /2020.09.17/ уг хэргийн шүүх хурал болж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас "Хишиг Арвин Өргөө Индустриал" ХХК-ийн захирал Б.Хишигдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/ гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.

Харин өнөөдөр /2020.09.18/ Б.Хишигдоржид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, нэг жилийн тэнсэн харгалзах ял өгчээ. 

Шүүхийн шийдвэрт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Б.Хишигдоржийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг талууд хоорондоо харилцан тохиролцсоныг шүүхээс хангаж шийдвэрлэв” гэжээ.

7.1 дүгээр зүйл.Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.