Сөүл хотын автобусны буудлуудад Ханок загварын “ухаалаг” бүхээг суурилуулна

Сөүл хотын автобусны буудлуудад Ханок загварын “ухаалаг” бүхээг суурилуулна

Сөүл хотын захиргаа автобусны буудлууддаа Ханок буюу Солонгосын уламжлалт байшингийн загвар бүхий бүхээг суурилуулах болсноо мэдэгджээ.

"Солонгосын гоо үзэсгэлэн" гэх нэртэй уг загвар нь тус улсын уламжлалт байшингийн гол элемент болох муруй дээврийн хийцийг шингээснээрээ онцлог юм. Тус загварыг олон нийтийн санал хураалтаар сонгосон байна.

Уг бүхээгүүдийг Сөүлийн Сунгные хаалга, Хонгик их сургуулийн метроны буудал зэрэг 10 орчим байршилд туршилтын журмаар байрлуулах бөгөөд жилийн дараагаас хотын бусад хэсэгт байрлуулж, өргөтгөхөөр болжээ.

Уг бүхээгийг байрлуулсан автобусны зогсоолуудад цэцэрлэгт хүрээлэнд байгаа мэт уур амьсгал бүрдүүлэхийн тулд замын дундах хамгаалалтын хашлагад ногоон байгууламж тарих юм байна. Мөн үнэгүй Wi-Fi үйлчилгээ, гар утасны цэнэглэгч, агаар цэвэршүүлэгч зэргийг хэрэглэгчдэд зориулан суурилуулах аж.

Сонирхуулахад, автобусны ухаалаг зогсоолууд нь зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс IoT технологиор дамжуулан автобусыг зөв байрлалд зогсооход чиглүүлэх аж. Мөн зорчигчдыг замаас тусгаарлах дэлгэц бүхий хаалга суурилуулна гэж хотын захиргаанаас мэдээлжээ.

Эх сурвалж: Yonhap news