Х.Нямбаатар: Охины аминд хүрсэн этгээд хэргээ хүлээсэн

Х.Нямбаатар: Охины аминд хүрсэн этгээд хэргээ хүлээсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хойд эцэгтээ зодуулж амь насаа алдсан байж болзошгүй есөн настай охины хэргийг анхааралдаа авахыг салбарын сайд нарт үүрэгджээ. Мөн уг хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн нөхцөл байдлыг шалгаж, судлах ажлын хэсгийн ЦЕГ-аас байгуулжээ.  

Тэгвэл энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Эхний урьдчилсан шалгалтаар уг хэрэг өглөөний 08.00 цагт үйлдэгдсэн байж болзошгүй. Хэрэг үйлдсэн нөхөр гэдэс рүү өшиглөсөн гэж хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэг гарах үед ээж нь эрүүл унтаж байсан. Хэрэг шалгагдаж байна. Ноцтой нь хоёр сарын өмнө хүүхдийн 11 хавирга ташраараа хугарч байсан гэдэг шинжилгээний хариу гарч байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдаж хуулийн хэрэгжилт муу явж байна гэж дүгнэхгүй байгаа. Хэрэг үйлдэж байсан нөхрийг хүчирхийлэл үйлддэг байсныг гэрчүүд гэрчилж байгаа юм. Энэ асуудалтай холбоотойгоор хэд хэдэн байгууллага хариуцлага хүлээх ёстой. Тухайлбал, хорооны хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч, олон нийтийн цагдаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл мөн хамтарсан багуудын үйл ажиллагаа хэрхэн хяналт тавьж байсан бэ гэдэг нөхцөл байдлыг эхлээд шалгаж тогтооно. Хэсгийн байцаагч нарын хувьд ачаалал өндөртэй байдаг. Нэг хэсгийн байцаагчид 40-50 зөрчлийн хэрэг шалгах зэрэг ажлын ачаалалтай. Үүнийг цаашид уялдуулах шаардлага бий.

Мөн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн мөнгөн хөрөнгийг аймаг, нийслэлд дарга нь төвлөрүүлж зарцуулах нь зөв, буруу эсэхийг одоо шийдэх ёстой. Энэ мөнгөөр гадагшаа томилолтод явдаг, машин худалдаж авдаг зэрэг асуудлыг эргэж харах цаг нь болсон. Хүүхдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээлийг орохоор Боловсролын яамтай хамтран ажиллах гэж байна. 

Бид эхлээд хандлагаа өөрчлөх ёстой. 

Торгуулийн орлогуудыг төвлөрүүлж дахин зарцуулдаг сан бий.  Энэ мөнгөний зарцуулалтыг сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа гэсэн энэ хүмүүсийн ажлын үйл ажиллагаанд болон орон тоог нь нэмэгдүүлэх чиглэлд зарцуулах хуулийн өөрчөлтийг хийхээр ярьж байна. Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг шийтгэхдээ хохирогч, хүчирхийлэгч хоёрыг уулзуулахгүй байх зохицуулалтыг авч хэрэгжүүлэх шаардлага байна" хэмээлээ.