ХЭРГИЙН ГАЗАРТ: Өсвөр насны охин өндрөөс үсэрч, амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарчээ

ХЭРГИЙН ГАЗАРТ: Өсвөр насны охин өндрөөс үсэрч, амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарчээ

Нийгмийг эмзэглүүлсэн аймшигт мэдээлэл сүүлийн үед тасрахгүй байна. Тэгвэл дахин нэг харамсалтай хэрэг энэ сарын 22-нд гарчээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 10-р хороонд байрлах нэгэн байрны дээвэр дээрээс 14 настай Н гэгч охин үсэрч, амиа хорлосон байна. Охин өндрөөс үсэрсэнийхээ дараа ГССҮТ-д яаралтай хүргэгдсэн ч харамсалтай нь гэмтлээ даалгүй нас барчээ.

Дээврээс унасан охины хөлийн дунд чөмөг хугарч, нуруу нь хүнд гэмтсэн байжээ. Тухайн үед хэргийн газарт байсан гэх эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Охин унахдаа хөлөөрөө унасан учир хөл нь хугарч, харахаас нүд хальтрам байсан” гэж байв.

Бид тухайн байрны гадаа очиж оршин суугчдаас энэ талаар тодруулахад “Тийм хэрэг гарсан гэсэн. Бид нүдээр бол хараагүй. Гэхдээ энэ тухай байрны хүүхдүүд их шуугиж байсан” гэж хэлж байлаа. Харин тус охиныг танина гэх нэгэн охин “Манай сургуулийн нөгөө ангийн охин. Амиа хорлохоор дээвэрлүү ганцаараа гарсан гэсэн” гэж мэдээлсэн юм. Энэхүү мэдээллээс үзэхэд тухайн охинд гэр бүлийн юмуу найз нөхдийн зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн байж болзошгүй байгаа юм.

Тухайн хэргийг одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд охины талаар нарийн мэдээллийг өгөх боломжгүй гэсэн юм.

Иймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, найз нөхөд ангийнхантай нь холбоотой байж, ярилцаж байх нь чухал байгаа юм. Мөн сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн цахим хэрэглээ хэт ихэссэнтэй холбоотойгоор янз бүрийн гэмт хэрэг зөрчлүүд гарсаар байгаа юм.