Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудын бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль, ОХУ-д болсон Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон бие бүрэлдэхүүнд салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо.

Ёслолын үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Л.Болд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Мөн энэ үеэр  Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын командын байрууд, зэвсэгт хүчний алба хаагчдын бүтээсэн зэвсэглэл, техникийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулгад танилцуулсан юм.