Ц.Ариунзаяа: Агаарын йогоор мэдрэлийн ядаргаа, сэтгэл зүйн асуудлыг бүрэн эмчлэх боломжтой

Ц.Ариунзаяа: Агаарын йогоор мэдрэлийн ядаргаа, сэтгэл зүйн асуудлыг бүрэн эмчлэх боломжтой

Их хотын завгүй амьдралын хэмнэлд бид өөрсдийн эрүүл мэнддээ анхаарах чөлөөгүй явдаг. Иймээс манай сайт амралтын өдөр бүр уншигч таны эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулахыг зорьдог билээ. Энэ удаад бид Монголын анхны агаарын йогийн төв болох “Ари йог”-ийн төвийн багш Ц.Ариунзаяатай агаарын йог болон йогоор хэрхэн эрүүлжиж, зөв амьдралын хэмнэлтэй болох талаар ярилцлаа.

-АГААРЫН ЙОГООР НЭГ САР ХИЧЭЭЛЛЭХЭД Л ҮР ДҮНД ХҮРДЭГ-

-Сүүлийн үед хүмүүс агаарын йог гэж их ярих болжээ. Ер нь агаарын йог гэж юу юм бэ. Үүсэл гарлаас нь эхэлж манай уншигчдад тайлбарлаж өгөөч.

-Агаарын йог нь одоогоос 20 жилийн өмнө агаарын гимнастикаас үүссэн байдаг. Энгийнээр тайлбарлавал агаарын гимнастикийг йогийн амьсгалын дасгалтай хослуулж, хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх дасгалын төрлийг шинээр гаргаж ирсэн нь агаарын йог хэмээн нэрлэгдэх болж, өнөөг хүртэл хөгжиж байна. Монголд долоон жилийн өмнө анх агаарын йог хэмээх ойлголт бий болж байсан бол сүүлийн гурван жил  эрчимтэй хөгжиж байгаа. Америк, Европын орнууд, Азиас Хятад, Тайланд Хонконгт йог маш сайн хөгжсөн, булан эргэх бүрт л йогийн төвүүд байдаг. Хүмүүс нь йогийн ач холбогдлыг мэддэг учраас маш их явдаг. Нэг ангид маш олон хүн хичээллэдгээрээ онцлог. Монголд бол тав тух, нэг ангид хэдэн хүн хичээллэхэд илүү анхаараад байдаг. Гэвч йогоор хэдэн ч хүн хичээллэсэн үр дүнд хүрдэг.

-Ер нь йогийн хичнээн төрөл байдаг юм бэ. Агаарын йог нь бусад төрлөөс юугаараа ялгаатай вэ?

-Йогийн маш олон төрөл байдаг. Монголд сүүлийн жилүүдэд хатха, венасса, агаарын йог, “повер” буюу галбиржуулах йог, хүүхдийн йог, эмчилгээний, нүүрний йогууд өргөн дэлгэрч байгаа. Мөн сүүлийн үед зуны цагт хийхэд илүү тохиромжтой “хот” йогийг хүмүүс сонирхох болсон. Эдгээрээс агаарын йог нь маш хурдан хугацаанд тодорхой үр дүн өгдөг гэдгээрээ ялгардаг. Жишээ нь газрын йогоор гурван сар хичээллэж байж үр дүнд хүрдэг бол агаарын йогоор нэг сар хичээллэхэд л тодорхой үр дүнд хүрч чаддаг. Ялангуяа нурууны суулт, нурууны муруйлт, нурууны гажиг гэх мэт нурууны хагалгаанаас бусад төрлийн эмгэгүүд, хүзүүний шохойжилт, хүзүүний ясны өөрчлөлттэй хүмүүст физик эмчилгээний үр дүнг йогоор дамжуулан богино хугацаанд өгч чаддагаараа онцлог. Үүнээс гадна мэдрэлийн гаралтай өвчнүүд, стресс, нойргүйдэлтэй хүмүүс нэг сар хичээллэхэд л эрүүл мэндийн асуудлаасаа ангижирч чаддаг. Тэгэхээр үр дүн хурдан өгдгөөрөө бусад йогийн төрлүүдээс ялгардаг гэж хэлж болно.

-Тэгвэл агаарын йогоор хичээллэснээр хүний биед ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?

-Ихэнх хүн йогоор хичээллэвэл зөвхөн уян хатан болно гэж боддог. Гэвч йог хүнд төсөөлснөөс илүү эерэг өөрчлөлтүүдийг өгдөг. Йог хийснээр хүний биеийн яснаас эхлээд ясны гадуур бүрхэж буй нарийн булчингууд, өнгөн булчингууд, дотор цул эрхтнүүд болон бодисын солилцооноос эхлээд л зөв бүтцэд орж эхэлдэг. Жишээ нь жингээ хасаж буй хүн фитнессээр хичээллэхэд шууд гаднах булчингууд нь ажиллаж, хэлбэрждэг шүү дээ.  Харин йогоор хичээллэснээр уян хатан болохоос илүүтэй хүний бодисын солилцоо хэвийн байдалд шилжин, дотроосоо эрүүлжиж, жин аяндаа хасагддаг. Зөвхөн жингийн илүүдэлтэй хүмүүс гэлтгүй, жингийн алдагдалтай хүмүүс  хичээллэснээр байх ёстой хэвийн жиндээ маш хурдан очдог. Нөгөө талаар йогийг хүн сонсголоороо дагаж хийдэг тул бодлоо цэгцэлж, оюун санаагаа төвлөрүүлж, сэтгэл санаагаа тайвшруулж чаддаг. Би гэхэд л анх йогоор хичээллэж долоо хоноход л давхар хувцсаа тайлсан мэт мэдрэмж төрж, массажинд хэдэн ч удаа ороод авдаггүй мэдрэмжийг авч байсан.

-АГААРЫН ЙОГ ХАРАГДАЖ БАЙГАА ШИГЭЭ
ТИЙМ ХЭЦҮҮ ЗҮЙЛ БИШ-

-Аливаа спортоор хичээллэхэд тодорхой хэмжээнд тавигдах шаардлага гэж байдаг шүү дээ. Тэгвэл агаарын йогоор хичээллэхэд ямар нэгэн тавигдах шаардлага байдаг уу?

-Хүмүүс агаарын йогийн дасгалын төхөөрөмжийг хараад их сүрддэг. Нугардаг, уян хатан, сунгалт сайтай хүний л хийж чадах зүйл гэж боддог. Гэвч агаарын йог харагдаж байгаа шигээ тийм хэцүү зүйл огт биш. Эрүүл мэнддээ анхаардаг, өөрийгөө хайрладаг хүн бүхний хийх хэрэгтэй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Насны хувьд 9-54 насныхан хичээллэх нь илүү тохиромжтой гэж үздэг. Харин тавигдах шаардлага гэвэл нурууны хугаралтай, хэт өндөр даралттай хүмүүс хичээллэхэд тохиромжгүй. Агаарын йогоор өөрийн биеийн хүндийн хүчний жингээр нурууны үе хоорондын сунгах дасгалууд хийдэг учраас нурууны гэмтэл, хагалгааны заалттай хүмүүс хичээллэж болохгүй.

-Тэгвэл жингийн хувьд тодорхой заалт байдаг уу?

-Эмэгтэй хүмүүс 85-аас доош, харин эрэгтэй хүмүүс 95-аас доош жинтэй байвал илүү тохиромжтой гэж үздэг. Гэхдээ энд зааснаас дээш жинтэй хүмүүс хичээллэж болохгүй гэсэн үг биш. Даавууны маань даац 300 кг-ын учир өөрийн биеэ дааж, чадаж л байгаа бол агаарын йогоор хичээллэх бүрэн боломжтой.

-Агаарын йогийн хичнээн дасгал байдаг вэ?

-Дасгалын хувьд маш олон төрөл байдаг учир яг тодорхой гаргасан тоо байдаггүй. Тухайлбал “шавасана” буюу бясалгалын дасгал гэж бий. Энэ нь хичээл бүрийн төгсгөлд хийгддэг дасгал. Уг дасгалыг хийснээр хүний бие махбод болон оюун бодол унтаа сэрүүний завсрын үед очиж, аравхан минут хийхэд бүтэн шөнөжин унтсан мэт мэдрэмжийг төрүүлж чаддаг. Энэ мэт тухайн хүний биеийн онцлогт тохирсон төрөл бүрийн дасгалууд бий.

-ЙОГ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ЧИГЛЭН, ОЮУН САНААНД
ТУЛЖ АЖИЛЛАДАГ-

 -Танайх Монголд хамгийн анх агаарын йогийн төвийг байгуулсан шүү дээ. Анх агаарын йогийг хичээллүүлж эхлэхэд ямар саад бэрхшээлүүд тулгардаг байв? Одоо ихэвчлэн ямар хүмүүс ирж байна?

-Анх хүмүүс агаарын йогийн талаар төдийлөн мэддэггүй байсан. Агаарын йогоор нэг бол сунгалттай, уян хүмүүс хичээллэдэг. Нөгөө бол шашин шүтлэгтэй холбоотой хийдэг зүйл гэсэн түгээмэл ойлголттой байсан болохоор үүнийг  өөрчлөх хэцүү байсан.  Эхний жил залуу охидууд их ирдэг байсан юм. Одоо гэр бүлээрээ, найзуудаараа, албан байгууллагаараа ч их ирдэг болсон. Ялангуяа бүсгүйчүүд настай ээжийгээ, охиноо дагуулж ирдэг.

-Йог гэхээр эмэгтэй хүмүүсийн хийдэг зүйл гэж хүмүүс ойлгоод байдаг. Танайд эрэгтэй хүмүүс йог сонирхож ирж байна уу?

-Эрэгтэй хүмүүс ихэвчлэн найз охинтойгоо, эхнэртэйгээ ирдэг. Эрэгтэй хүмүүсийг эмэгтэйчүүдээсээ илүү тууштай, шантрахгүй хичээллэж чаддаг. Ер нь ажиглаад байхад дийлэнх эрчүүд нурууны асуудалтай  байдаг. Харин агаарын йогоор хичээллэснээр нуруу өвдөх, чилэх гэх мэт ямар ч асуудал, зовуургүй болдог.

-Танайд ирж буй хүмүүс ихэвчлэн ямар шалтгаанаар ирж байна?

-Манайхыг зорьж ирж буй нийт хүмүүсийг 100 хувь гэж үзвэл, эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс 50 хувь, жингийн асуудалтай хүмүүс 40 хувь, үлдсэн 10 хувь стресс, ядаргаа нойргүйдлийн асуудлын улмаас ирдэг гэж хэлж болно. Түүнчлэн эрүүл мэндийн асуудлаас болж ирж буй хүмүүсийн 80 хувь нь нурууны асуудалтай, үлдсэн 20 хувь нь мэдрэлийн гаралтай өвчинтэй хүмүүс байдаг. Гэхдээ йогоор заавал өвдсөнийхөө дараа хичээллэдэг гэж ойлгож болохгүй. Йогийн багш нар тухайн хүнийг өвдөөгүй бол өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зааж, зөвлөдөг. Өвдсөн бол өвчнөө хүндрүүлэхгүй хэрхэн эдгээх вэ гэдэгт анхаарч ажилладаг.

-Сүүлийн үед хүмүүс стрессээс шалтгаалан сэтгэл санаагаар унах, уур бухимдалтай болох гэх мэт сэтгэл зүйн асуудалтай тулгардаг болчхоод байна. Сэтгэл зүйн асуудалтай хүмүүс ямар йогоор хичээллэвэл илүү тохиромжтой вэ?

-Йог хүний эрүүл мэндэд чиглэн, оюун санаанд тулж ажилладаг дасгал. Хүмүүс үргэлж мэдрэмжээ гадагшаа чиглүүлж байдаг ч өөрийгөө дотроос нь чагнах нь ховор. Йог хийж эхлэхэд нүдээ аниад л өөрийнхөө биеийг чагнаж эхэлдэг. Миний юу өвдөж байна, миний оюун санаа, сэтгэл зүйд юу болоод байна гэж өөрийнхөө дотор руу өнгийж хардаг. Тиймээс бүхий л йог хүнийг тайвшруулж, бодол санааг цэгцэлдэг. Хэрэв мэдрэлийн гүн ядаргаа, маш их стресс, сэтгэл зүйн асуудалтай байгаа бол эмчилгээний йогоор хичээллэхийг зөвлөмөөр байна. Эмчилгээний йог нь амьсгалын дасгалаар тайвшруулж, дархлааны эсүүдийг сэргээх замаар хүнийг анагаадаг.

-ӨДРИЙН НЭГХЭН ЦАГИЙГ ӨӨРТӨӨ ЗАРЦУУЛСНААР ГАЙХАЛТАЙ
ҮР ДҮНГ МЭДРЭХ БОЛОМЖТОЙ-

-Йог “зохидоггүй” хүн гэж байдаг уу.

-Йогоор хичээллэхэд эхний нэг хоёр удаагийн хичээлээр хүний суурь өвчин сэдрэх талтай байдаг. Гэхдээ дараа дараачийн дасгалаас тэр өвчнийг  нь эрс намдаадаг. Толгой эргэх, дайвалзах, хууч өвчин сэдрэх шинж тэмдэг гарч ирж байвал  харин ч тэр хүнд зохиж байна гэсэн үг. Яагаад гэвэл тухайн хүний бие организм хэвийн биш байсан учир энгийн хүний хийдэг дасгалыг хийж чадахгүй байна гэсэн үг. Нэг сар йогоор хичээллэхэд л  хүний бие хэвийн болж, яваандаа сөрөг мэдрэмжүүд дарагдаж эхэлдэг. Тиймээс бүхий л хүмүүс хичээллэх боломжтой. Ялангуяа жингийн илүүдэлтэй, хөшүүн, суугаа ажил хийдэг, толгой, нурууны өвчтэй, шинэ төрсөн ээжүүд хичээллэх хэрэгтэй.

-Гэрийн нөхцөлд йогоор хичээллэх боломжтой юу?

-Мэдээж боломжтой. Одоо йогийн төвүүд дасгалаа онлайнаар заадаг болсон байна, youtube-д хүртэл йогийн маш их бичлэг байна шүү дээ. Тиймээс гэртээ хийх бүрэн боломжтой.

-Хүмүүс ямар нэгэн спортоор хичээллэж, эрүүл мэнддээ анхаарал тавих болохоор завгүй гэдэг. Агаарын йогоор хичээллэхэд хэр цагийг зарцуулах ёстой вэ?

-Хүмүүс йогийн төвийг зав гаргаж ирэх газар  гэж ойлгодог. Үнэндээ хүн өдрийн 24 цагийн нэг цагийг ч өөртөө гаргаж чаддаггүй. Ихэнх хүн ажил, гэр бүл гэсээр өдрийг өнгөрүүлдэг. Агаарын йогоор хичээллэснээр дасгал хийхээс гадна өөрөө өөрийгөө дотроосоо чагнаж, мэдрэх нэг цагийг олж авч байгаа юм.  Миний оюун бодолд юу болж байна, миний сэтгэл зүйд юу нөлөөлж байна, юунд би сэтгэл дундуур амьдарч, юу намайг аз жаргалтай болгож байгааг ойлгож, өөртөө төвлөрөх, цаг гэж ойлгож болно. Цаашлаад өөрөө өөрийгөө ойлгосон хүн юунд илүү цаг гаргах хэрэгтэй гэдэгтээ илүү их анхаарч, зөв амьдралын хэмнэлд ордог. Тиймээс өдрийн нэгхэн цагийг өөртөө зориулж, гайхалтай үр дүнг мэдрэх боломжтой гэдгийг хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа




Нийслэлийн МАН-ын хороо хуралдана

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ