“Hip hop trap party” хэмээх шоуны үеэр залуус бүлэглэн зодолдож, танхайрчээ

“Hip hop trap party” хэмээх шоуны үеэр залуус бүлэглэн зодолдож, танхайрчээ

Өнгөрсөн баасан гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд “Hip hop trap party” хэмээх залуучуудад зориулсан томоохон шоу болж өнгөрчээ. Харин энэхүү шоунд оролцсон залуусын ихэнх нь согтуурсан байдалтай байсан бөгөөд нэгнийгээ бүлэглэн зодож, тайзан дээр дуулж буй дуучид руу лаазтай шар айраг шидэж танхайрсан зэрэг зөрчил гаргажээ. Мөн ил задгай газар бие засч, төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал дээгүүр гишгэж байсан нь залуусын соёлжоогүй, бүдүүлэг занг илтгэж байсан гэдгийг шоунд оролцсон зарим иргэд дурдаж байв.

Энэхүү шоу нь Нийслэлийн соёл урлагийн газраас зохион байгуулж буй “Хотоо соёлтой болгоё” аяны хүрээнд болж өнгөрсөн хэдий ч зохион байгуулалт муу, иргэдийг соёлжуулахаас илүү соёлгүй байхад уриалсан гэдгээрээ иргэдийн шүүмжлэлийг ихээр дагуулаад байна.

Манай улс цар тахлаас үүдэн тогтоосон хөл хориогоо энэ сараас эхлэн сулруулсан хэдий ч хүн ам олноор цугларан, архидан согтуурч буй үйл ажиллагааг таслан зогсоож, зохион байгуулахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр мэдээлж байгаа билээ. Гэвч хэзээ ч мөрдөгддөггүй Ковидын эсрэг хууль энэ мэтчилэн зөрчигдсөөр байгаа юм.