ОХУ-ын шумбагч онгоц осолдох үеэр нууц даалгавар биелүүлж явсан тэнгисийн цэргүүд  амиа алджээ

ОХУ-ын шумбагч онгоц осолдох үеэр нууц даалгавар биелүүлж явсан тэнгисийн цэргүүд амиа алджээ

Өнгөрөгч долоо хоногт буюу долдугаар сарын 01-нд  ОХУ, Норвегийн хооронд орших Баренцийн тэнгисийн ёроолд судалгаа хийж явсан Оросын шумбагч онгоцонд гал гарч, тус улсын тэнгисийн флотын 14 далайчин амиа алдсан хэрэг гарсан.

Амиа алдсан 14 хүн нууц даалгавар биелүүлж явсан тэнгисийн цэргүүд байсан гэх бөгөөд тэднийг Санкт-Петербургийн Серафимоскоегийн оршуулгын газарт өндөр зэрэглэлийн хамгаалалтын дор оршуулжээ. Улмаар амиа алдсан цэргүүдийг баатар цолоор шагнаад байгаа юм байна.

Урьдчилсан дүгнэлтээр, шумбагч онгоц Оросын талын Баренцийн тэнгис орчмын усан доор хэмжилт хийж байх үед гал гарч, улмаар багийн гишүүд утаанд угаартан амиа алдсан гэж үзэж байгаа ба тус улсын Батлан хамгаалах яамнаас шумбагчийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

Кремлиэс уг хэргийн талаар мэдэгдэл  хийхдээ, “Цэргүүд шатамхай бодис тээвэрлэж явахдаа гал алдсанаас энэхүү золгүй явдал болсон. Улмаар хортой уттаанд хордож амиа алдсан” гэжээ. Мөн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Энэхүү осол бол улсын нууцад хамаарах асуудал. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Үүнд ямар ч эргэлзэх, хууль зөрчсөн зүйл байхгүй. Улсын нууцын тухай хуулийн дагуу бид бүгд энэ асуудлыг дэлгэх эрхгүй. Хэргийн талаар нарийн мэдээллийг ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэж байгаа” хэмээн мэдэгдсэн аж.

Хэрэг гарсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг дуудан уулзаж, хэргийн газарт өөрийн биеэр очин танилцаад, нөхцөл байдлын талаар өөрийн биеэр танилцуулахыг даалгасан байна.

Осолдсон шумбагч Арктикийн тэнгисийн ёроолыг судлах ажиллагаанд явж байсан удаатай бөгөөд осолдох үеэрээ шинэ нууц төхөөрөмж туршиж явсан байх магадлалтай гэж ОХУ-ын зарим хэвлэлүүдэд дурджээ.