УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр (2019.07.09) Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив.

    Дараах тохиолдолд 7 хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргахаар хуулийн төсөлд тусгалаа.

Үүнд:

- гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

- гишүүн хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасан;

- Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан;

- гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон;

- гишүүнийг эгүүлэн татах саналыг тодорхой тооны сонгогч иргэд гаргасан.

    Нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах  Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи чөлөөлөх, эгүүлэн татах саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно. Харин гишүүнийг эгүүлэн татах асуудлаар тодорхой тооны сонгогч иргэд санал гаргасан бол уг асуудлаар гаргасан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулснаар тогтоол батлагдсанд тооцно. Учир нь нэгэнт сонгогч иргэдийн олонх нь сонгосон төлөөлөгчөө эгүүлэн татах санал гаргасан бол уг асуудлыг Улсын Их Хуралд дахин хэлэлцэх, цааргалах шалтгаан эрх мэдэл байхгүй гэж үзжээ.

    Төсөлд тусгаснаар сонгогчдын гарын үсэг үнэн зөв, тухайн сонгогч нь уг тойргийн засаг захиргааны нэгжид амьдардаг нь сонгуулийн төв байгууллагын лавлагаагаар нотлогдвол Байнгын хорооны санал, дүгнэлтийн Улсын Их Хуралд уншиж танилцуулснаар гишүүний бүрэн эрх дуусгавар болно гэжээ. Гишүүнийг бүрэн эрхийг Улсын Их Хурлын шийдвэрээр хүлээн зөвшөөрч, баталгаажуулдаг тул уг асуудлыг зайлшгүй нэгдсэн хуралдаанд танилцуулаж байх нь зөв гэж хууль санаачлагч үзсэн.

    Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асууж, үг хэлж болох бөгөөд холбогдох албан тушаалтан, иргэдийн төлөөлөл оролцож гишүүдийн асуултад хариулт өгч болохоор хуулийн төсөлд тусгасан байна.

    Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасны дагуу хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг мөн боловсруулжээ. 

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг  санаачлахдаа олон орны туршлагыг судалсан гэдгийг хууль санаачлагч тодотгов. Тухайлбал, Канадад сонгуульд санал өгсөн иргэдийн 25 хувь нь гарын үсэг зурсан бол сонгогдсон төлөөлөгчийг эгүүлэн татаж болдог бол Их Британид 10, Австралид 10, БНХАУ-д 30, Беларуст 20 хувь гэхчлэн хуульчилдаг байна.

С.ЭРДЭНЭ: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ АРД ИРГЭД ХАРАХ ҮЛДЛЭЭ

Энэ тухай хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-УИХ-ын гишүүд өөрөө өөрсдийгөө эгүүлэн татах уг хуулийн төслийг дэмжих болов уу? 

– Иргэд сонгогчдынхоо өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг,  өргөсөн тангарагтаа үнэнч гишүүдийн хувьд энэ хуулийн төслөөс айж эмээгээд байх зүйлгүй. Харин эсрэгээрээ тэгж чаддаггүй гишүүдийн хувьд эмзэглэх байх. Өөртөө итгэлтэй,  иргэд сонгогчдынхоо өмнө хүлээсэн тангараг, үүрэгтээ үнэнч байж чаддаг гишүүдийн хувьд  хуулийн төслийг дэмжих байх. Хуулийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг иргэд сонгогчид харах бүрэн боломжтой.

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталчихсан. Таны өргөн барьсан хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ гэж ойлгох уу?

 –Хуулийн төслийг  хугацаа алдахгүй хэлэлцэнэ гэж найдаж байна.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар өгсөн. Харамсалтай нь уг асуудалд Засгийн газар хойрго хандаж, зургаан сар өнгөрсний дараа  "Дэмжихгүй" гэсэн татгалзсан хариу өгсөн.