Хар тамхичдад зориулж 1000 ортой эмнэлэг барьж байхаар ХАВДАРТАЙ иргэдээ анхаараач

Хар тамхичдад зориулж 1000 ортой эмнэлэг барьж байхаар ХАВДАРТАЙ иргэдээ анхаараач

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2020.10.27/ цагдаагийн байгууллагад ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ зургаан чиглэлд үүрэг, даалгавар өгсөн.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хар тамхи, мансууруулах бодист донтсон хүмүүсийг эмчлэх эмнэлэг байгуулахаар ажиллаж байгааг хэлсэн.

Тодруулбал "Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэгдээд, Их хурлаар батлагдвал тухай төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагын хүрээнд санд хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах замаар 2021, 2022 ондоо багтаж 1000 ортой эмнэлэг барина. Энэ нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөллийн эмийн хамааралтай болсон болон архины хамааралтай хүнийг албадан болон сайн дураар эмчилдэг үндэсний хэмжээний эмнэлэг болно" гэсэн юм. 

Хар тамхи, мансуурах төрлийн үйлдэлтэй тэмцэх гэж буй бол соён гэгээрүүлэх, ялаа өндөрсгөж хуулиа чангаруулах нь олон улсад хэрэгждэг практик. Гэтэл манайх хавдрын өвчлөлийн улмаас нэг жилд 4000-уулаа хорвоог орхидог асуудлыг цогцоор нь шийдэж, өвдсөн иргэддээ хангалттай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж чаддаггүй байж хар тамхичдад зориулж 1000 ортой эмнэлгийг төсвийн мөнгөөр барих гэж буй хэр оновчтой шийдвэр вэ. 

Ганц хавдрын эмнэлэгтэй. Тэр эмнэлэг нь ачааллаа дийлэхгүйгээс үүдэн эмч, өвчтөн аль аль үгээ хэлдэг атал нэмж эмнэлэг барих, тусламжийг хүртээмжтэй болгох, судалгаа шинжилгээний ажилд хөрөнгө төсөвлөх,  уян хатан бодлого хэрэгжүүлэх чиглэлд төрийн зүгээс огт анхаардаггүй. Тэр бүү 2021 оны төсөвт хавдартай иргэд, хавдрын эмнэлэгт зориулсан тусгай төсөв ч суулгаагүй мөртлөө шоронгийн эмнэлэг барих гэж буйг  хэрхэн ойлгох вэ. 

Ядаж л хаанаа ч хүрдэггүй хавдрын эмнэлгээ өргөтгөчихөөд, орчин үеийн мэргэжлийн тоног төхөөрөмжтэй болгосныхоо дараа хар тамхичдад зориулж эмнэлэг барьвал яасан юм бэ дарга нараа!