Б.Батсайхан: Жолооч нар 50 секунд л тэсээд зогсчихвол, 5-6 цагийн түгжрэлээс сэргийлэх боломжтой

Б.Батсайхан: Жолооч нар 50 секунд л тэсээд зогсчихвол, 5-6 цагийн түгжрэлээс сэргийлэх боломжтой

Их хотын замын түгжрэл дунд зуу зуугаараа эгнэн зогссон автомашины жолоочид сигналаа дарах, цонхоороо хашхирах, дүрэм зөрчих, чагтан түгжээ үүсгэх гээд юу эсийг хийх билээ. Гэсэн ч тэр бүхнийг цагдаа л бүх л өдөржин хүйтэн цемент дээр зогсон зохицуулж байгаа харагдана. Тэдний ажлын нөхцөлийг харвал гадна орчны агаарын бохирдол, олон автомашины дуу чимээний бохирдол, хөрсний бохирдолтой ч жишиж болохуйц хүйтэн цемент гээд хэтэрхий хүнд нөхцөлд ажиллаж буй нь илт. Гэсэн ч тэд энэ бүх ачааллын хажуугаар бензин нь дууссан машин түрнэ, дугуй нь хагарсан машины дугуйг угсрахад тусална, тэр ч бүү хэл эх үрсийн баяр, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эмэгтэй жолоочиддоо бэлэг сэлт, цэцэг өгөхөө ч мартахгүй.

Тиймээс бид сайнтай, муутай, бахархалтай, гомдолтой гээд яг л ийм нөхцөлд 12 жил ажилласан, Замын хөдөлгөөн зохицуулагчийн төлөөлөл болох Б.Батсайхантай уулзаж, түүний ажлын онцлог, нөхцөл байдлын талаар ярилцсан юм. Түүний хувьд саяхан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн зохицуулагчидтай өрсөлдөн 2020 оны “Шилдэг биет зохицуулагч”-аар шалгарсан нэгэн юм.

-Шилдэг замын хөдөлгөөн зохицуулагчаар шалгарсан танд баяр хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Аль хэлтэст ажилладаг, хичнээн жил ажиллаж байна вэ?

-Намайг Б.Батсайхан гэдэг. Би анх өөрийн ихэр Б.Болдсайханы хамт Цагдаагийн байгууллагад ажилд ороод одоо 12 дахь жилдээ ажиллаж байна. Одоогийн ажиллаж буй нэгж маань Тээврийн цагдаагийн албаны Хамгаалалтын хэлтэс байгаа. Энэ хэлтэстээ ажиллаад дөрөвдэх жилдээ орж байна.

-Сая зохион байгуулагдсан “Шилдэг зохицуулагч-2020”  тэмцээнийхээ талаар яриач? Хичнээн алба хаагчдын дунд явагддаг, ямар тэмцээн бэ?

-“Шилдэг зохицуулагч” тэмцээн маань 1982 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн, өдгөө 38 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ оны тэмцээний хувьд албаны харьяа газар, хэлтэс, төв, орон нутгийн нэгжийн алба хаагчдыг хамруулсан нийт 36 багийн 108 алба хаагч оролцсон. Миний хувьд энэ оны тэмцээний “шилдэг биет зохицуулагч”-аар шалгарсан.

-ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ БУРУУ ЗОХИЦУУЛБАЛ ЗАМ
ТЭЭВРИЙН ОСОЛ Ч ГАРАХ АЮУЛТАЙ-

-Замын хөдөлгөөн зохицуулж буй цагдаа нарын ур чадварыг жирийн иргэд тэр бүр ялгаж харж чаддаггүй байх. Ер нь замын хөдөлгөөний шилдэг биет зохицуулагч шалгаруулахад ямар ямар шалгуур үзүүлэлтүүд байдаг вэ? Шалгаруулалт нь яаж явагдсан бэ?

-21 аймаг, 9 дүүргийн баг тамирчид цугларч, сугалаа сугалаад уулзвар дээр дарааллаараа зохицуулалт хийдэг. Энэ үед Замын хөдөлгөөний хяналтын хэлтэс тухайн уулзварын гэрлэн дохиог шар дээр анивчуулж өгдөг. Ингээд нэг зохицуулагчид 2-3 минут оногдоно. Энэ хугацаанд зохицуулагч зөв ойлгомжтой зохицуулалт хийж байгаа эсэх, дүрэмт хувцасаа журмын дагуу өмссөн эсэх мөн гарын хөдөлгөөн зэргийг нь харж шилдэгийг шалгаруулдаг юм. Ер нь зохицуулалт хийхдээ замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт ойлгомжтой, стандарын дагуу зохицуулах хэрэгтэй байдаг. Хэрвээ буруу зохицуулалт хийвэл жолооч нар ойлгохгүй, төөрөгдөх улмаар зам тээврийн осол ч гарч мэдэх аюултай.

-Гэрлэн дохиотой уулзвар дээр замын цагдаа нар хөдөлгөөн зохицуулж буй дүр зураг түгээмэл харагддаг. Ер нь ямар тохиолдолд цагдаагийн алба хаагчид өөрсдийн биеэр уулзвар дээр зохицуулалт хийдэг юм бэ?

-Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журамд зааснаар цагдаагийн алба хаагчид зам тээврийн осол гарсан, байгалийн гамшиг тохиосон, олон нийтийн эмх замбараагүй байдал үүссэн мөн өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийн хамгаалалтын үед тус тус зохицуулалт хийдэг.

-Зарим тохиолдолд замын цагдаа нар зохицуулалт хийж байгаа үед түгжрэл илүү үүсээд байна. Нэг урсгалаа явуулаад, нөгөө урсгалаа хэтэрхий удаан хаагаад байна гэх зэргээр хүмүүс шүүмжлэх тохиолдол байдаг. Ер нь замын хөдөлгөөн зохицуулахдаа аль урсгалыг хэзээ явуулахаа яаж шийддэг вэ?

-Зам дээр зохицуулалт хийх үед биднийг камераар хянадаг Замын хөдөлгөөний хяналтын хэлтэс гэж байдаг. Тус хэлтэсээс замын ачааллыг камераар хэмжээд, станцаар аль урсгалыг явуулах талаар бидэнд үүрэг чиглэл өгдөг юм. Түүнээс биш бид дураараа тэрийг нь явуулъя, энийг нь зогсооё гэж шийддэггүй.

-ИХЭР ДҮҮТЭЙГЭЭ ЦУГ 2008 ОНООС ХОЙШ ЦАГДААГИЙН
АЛБАНД ЗҮТГЭЖ БАЙНА-

-Та ярилцлагын эхэнд ихэр гэж хэлсэн шүү дээ. Ихрийнхээ тухай яриач. Ихэр хүмүүс багадаа адилхан хувцас өмсөж, байнга цуг явдаг ч адил мэргэжил сонгох нь түгээмэл биш болов уу? Та хоёрын хувьд яагаад ижил мэргэжил сонгох болсон бэ?

-Манай нөгөө ихэр багаасаа цагдаа болно гэж ярьдаг байсан. Харин миний хувьд эмч болохыг мөрөөддөг байсан юм.  Бид хоёр анх 2007 онд Дотоодын цэргийн 05-р ангид цэргийн алба хаагаад, 2008 онд тушаал гарч, хамтдаа Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст томилогдож байсан. Тэр цагаас хойш өдийг хүртэл цагдаагийн албанд зүтгэж байна. Гэсэн ч би цагдаа болсондоо хэзээ ч харамсдаггүй. Цагдаагийн албаараа, тэр дундаа Тээврийн цагдаагийн албанд ажиллаж байгаагаараа үргэлж бахархдаг. Харин манай ихэр Б.Болдсайхан одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст ажиллаж байна.

-Замын цагдаа болоод 12 жил зүтгэсэн хүний хувьд мэргэжлийнхээ хүнд хэцүү мөн бахархалтай талыг хэдийн өөр дээрээ мэдэрсэн байх. Ер нь таны ажлын хэцүү болоод сайхан тал нь юу вэ?

-Хэцүү нь гэвэл маш их тэсвэр тэвчээр, хүлээцтэй байдлыг шаарддаг ажил. Бид зам дээр гараад нэг ээлжиндээ 8-9 цагийн үүрэг гүйцэтгэдэг. Үүний хажуугаар зохицуулалт хийх үед иргэд эсэргүүцэх, зогсох шаардлага тавихад зөрж давхих зэрэг тохиолдол өдөр тутам болдог. Мөн цаг агаарын нөхцөл байдал гээд хүндрэлтэй зүйлс цөөнгүй. Гэсэн ч бид ард иргэдийнхээ төлөө өргөсөн тангарагтай учраас гомдоллох эрх байхгүй.

-Таны ажилласан 12 жилийн хугацаанд Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, ачаалалд маш их өөрчлөлт орсон байх.

-Бараг өдөр болгон л өөрчлөгдөж байна даа. Өдөр өдрөөр замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа. Хоёр, гурван жилийн өмнө арай гайгүй байсан. Одоо бол замын ачаалал эрс нэмэгдсэн.

-ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИНЫГ ЦАГ АЛДАЛГҮЙ ЯВУУЛЖ, БЯЦХАН ОХИНЫ
АМИЙГ АВАРЧ БАЙСАН-

-Анх замын хөдөлгөөний зохицуулагч хийхэд ямар байв. Мэдэхгүй, чадахгүй, сандрах үе олон байсан байх? Ер нь зохицуулагч нарыг сургуульд бэлтгэдэг үү, эсвэл цэвэр практикаар сурдаг уу?

-Ажил дээр гараад л цэвэр практикаар сурдаг. Анх яаж хийх ёстойгоо ч мэдэхгүй, тэр байтугай дохиур модоо яаж барьдагийг ч мэддэггүй байлаа. Гэхдээ анх зохицуулалт хийхээр гарахдаа дадлагажигч багштай цуг гардаг юм. Тухайн багш нь цуг үүрэг гүйцэтгэх явцдаа хуулийн заалт, өдөр тутамд хэрэглэх эрх зүйн актуудыг давхар сургаж, зааж өгдөг. Мөн албаны зүгээс алба хаагчдад зориулсан  сургалтыг тогтмол явуулдаг. Миний хувьд 4 жил багштай цуг дадлагажиж байж зохицуулалт хийж сурсан. Харин одоо өөрөө 2 шавьтай болчихоод явж байна.(инээв)

-Иргэн-цагдаа хоорондын харилцаа цаг үеэсээ шалтгаалаад янз бүр байдаг байх. Сүүлд АНУ-д Жорж Флойд гэх өнгөт арьст эрийг цагдаа нар хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Миний ажигласнаар уг хэргийн дараа иргэд зарим орны цагдаа нар ийм хэрцгий байхад, манай цагдаа нар эх үрсийн баяраар, эмэгтэйчүүдийн баяраар замын хөдөлгөөнд оролцож буй эмэгтэй жолооч нартаа цэцэг, бэлэг өгдөг хэмээн ихэд сайшааж байсан шүү дээ.

-Тийм. Нэг үеэ бодоход жолооч цагдаа хоёрын харилцаа эерэг хандлагатай болж  байгаа. Манай Цагдаагийн байгууллагаас эмэгтэйчүүд, ээжүүддээ баярын өдрөөр нь бэлэг барих санаачлагыг өөрсдөө гаргаж байсан юм. Харин бусад үед бид Цагдаагийн албаны тухай хууль болон үйл ажиллагааны код, журамын дагуу иргэдтэй харилцдаг.

-Саяхан цахим орчинд замын цагдаа нар зохицуулалт хийж, гуравхан минутын дотор түргэн тусламжийн машиныг эмнэлэгт нь хүргэн бяцхан охины амь насыг аварсан мэдээлэл гарсан шүү дээ. Тэр хэдэн оны үйл явдал вэ?

-Тэр үйл явдал энэ онд болсон. Сонгинохайрхан дүүргийн яаралтай тусламжийн машиныг түргэн шуурхай явуулж, хагалгаанд яаралтай орох ёстой охиныг цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хүргэхэд тусалсан юм. Иймэрхүү зүйл өдөр тутамд л болдог. Бензин дууссан машин түрнэ, дугуй нь хагарсан машины дугуйг угсарч өгнө гээд л цагдаагийн алба хаагчид хүнд харагддаггүй боловч сайн үйлсийг өдөр тутамдаа л хийдэг. Бидний мэргэжлийн бахархалтай тал нь үүндээ л байгаа юм.

-ЖОЛООЧ НАР 50 СЕКУНД Л ТЭСЭЭД ЗОГСЧИХВОЛ, 5-6 ЦАГИЙН ТҮГЖРЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ-

-Замын хөдөлгөөний зохицуулалт хийдэг хүнээс нийслэл хотын гол тулгамдсан асуудал болох замын түгжрэлийн талаар асуухгүй өнгөрч болохгүй болов уу. Таны бодлоор нийслэлийн замын түгжрэлийн гол шалтгаан юундаа байна вэ?

-Замын хөдөлгөөний дүрмийн заалт дээр түгжрэл үүссэн тохиолдолд ногоон гэрэл ассан ч жолооч түгжрэлтэй эгнээ рүү орох ёсгүй байдаг. Гэтэл манай жолооч нар ар араасаа шахаж ороод зохиомол түгжрэл, чагтан түгжээ үүсгээд байгаа юм. Ногоон гэрэл уг нь 50 секунд л асч байгаа. Тэр хооронд орохгүй тэвчээд зогсчих юм бол цаашдын 5,6 цагийн түгжрэлээс сэргийлэх боломжтой. Ер нь бол сэтгэхүйн түгжрэл байгаад байна.

Тиймээс бид энэ тохиолдолд ар араасаа шахаж, хаашаа ч үгүй гацсан автомашинуудыг зохицуулах үүрэгтэй болохоос түгжрэл бууруулах нь бидний үүрэг биш юм л даа. Харин иргэдийн зүгээс тушаалын дагуу алба гүйцэтгэж байгаа цагдаа нарыг түгжрэл үүсгэлээ гэж бухимдах тохиолдол цөөнгүй байдаг.

Ер нь зам дээр өдөржин зогсдог цагдаагийн ажлыг уулзвараар 20,30 минут яваад өнгөрөх жолооч нар тэр болгон ойлгохгүй шүү дээ. Гэхдээ сүүлийн үед эцэг эхчүүд “School police” хийж эхлээд замын цагдаагийн ажлыг ойлгож эхэлж байх шиг санагдсан. Миний хувьд саяхан дүүгийнхээ сургууль дээр “school police” хийхэд, цуг хийж байсан эцэг эхчүүд гарц дээр хүүхдэд зам тавьж өгөхгүй, зогсохгүй байгаа жолооч нараас болоод их бухимдаж байгаа харагдсан. Гэтэл бидний хувьд бол өдөр тутам л иймэрхүү асуудалтай тулгардаг.

-Үнэхээр таны хэлсэнчлэн тэсвэр тэвчээр, хүлээцтэй байдал их шаарддаг мэргэжил юм байна. Мөн цаг агаарын хүнд нөхцөлийн үед зохицуулалт хийхэд хүндрэлтэй байдаг байх?

-Бид шороо шуурсан ч ажиллана, бороо орсон ч байж л байна. Түүнээс биш бороо орчихлоо гээд юм руу шургаж орж болохгүй шүү дээ. Цаг агаарын хүнд нөхцөлийн үед замын хөдөлгөөн удааширч, ачаалалтай болдог учраас цаг агаарын хамгийн хүнд нөхцөлд зохицуулагчид хамгийн их хэрэгтэй байдаг. Харин энэ үед иргэдийн зүгээс замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцож, бие биенээ хүндэтгэдэг байгаасай гэж хүсэж байна.

-Таны хувьд ажил мэргэжлийн тал дээр цаашдаа юуг зорьж байна?

-Өөрийгөө дайчлан одоо гаргасан амжилтаа улам ахиулах. Мөн офицерийн эгнээнд орж ажиллана гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье.




Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр үхэр өдөр

5 цагийн өмнө