Мөнгө угаасан гэх “Ocean partners” компанид Эрдэнэт үйлдвэр 291 сая төгрөг шилжүүлжээ

Мөнгө угаасан гэх “Ocean partners” компанид Эрдэнэт үйлдвэр 291 сая төгрөг шилжүүлжээ

Жаст группийн захирал Ш.Батхүү нарын "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан өр төлбөрийг барагдуулахын тулд “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг гаргасан билээ.

Энэхүү өрийг барагдуулахдаа Монголын Засгийн газар гаднын “Ocean partners” компаниар дундын зуучлал хийлгэж, Стандарт банктай тохиролцоонд хүрсэн талаар Шадар сайд асан Ө.Энхтүвшин мэдээлж байсан. “Ocean partners” компани өмнө нь Ш.Батхүү нарыг Стандарт банкнаас зээл авахад зуучилсан, мөн зээлийг барагдуулахад зуучлалын үүрэг гүйцэтгэсэн гэгдэж байгаа. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн дундын зуучлалын үүрэг гүйцэтгэсэн “Ocean partners” компанид зуучлалын төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй гэж мэдэгдэж байсан юм.

Тэгвэл Эрдэнэт үйлдвэрээс  “Ocean partners” компани руу өнгөрөгч есдүгээр сард “Payment for legal services” буюу Хууль зүйн үйлчилгээний төлбөр нэртэй 291 сая гаруй төгрөгийг шилжүүлжээ.

Эх сурвалж: Shilendans.gov.mn

Өмнө нь энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийх үеэрээ "АН-аас ажлын хэсэг байгуулагдаж, "Эрдэнэт" үйлдвэр Жастын Ш.Батхүүгийн 40 сая ам.долларыг тѳлсѳн асуудлыг хянасан. Oceаn partners  компани анх Ш.Батхүүг зээл авахад нь зуучилж байсан. Сая тѳлѳлт хийхэд дахин оролцсон юм. Эндээс тэд Стандарт банкаар халхавч хийж, мѳнгѳ угаасан үйлдэл харагдаж байна. Тус компани 1998 оноос хойш 3.2 тэрбум ам.долларын зэсийн баяжмалыг гаргасан байдаг. Сая зуучлалаар орохдоо дахин 5 жил зэсийн баяжмалын трейдерээр орох хэлцлийг улс тѳрийн нѳлѳѳ бүхий хүнтэй тохирсон байна" гэж мэдэгдэж байсан юм.