Ирэх сарын 1-нээс 522 нэр төрлийн эмийг 30-70 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно

Ирэх сарын 1-нээс 522 нэр төрлийн эмийг 30-70 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж, арваннэгдүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-тай гэрээ байгуулсан бүх эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэхээр болжээ.. Энэ талаар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрээр:

“ЭМД-ын Үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх шийдвэр гаргалаа. Хөнгөлөлттэй эмийн жагсаалт гаргахдаа олон улсын аргачлалын дагуу хүн амын дунд зонхилон тохиолддог өвчний үед хэрэглэдэг эмийг даатгалын хөнгөлөлтөд оруулсан. Зүрх судас, чихрийн шижин, уналт таталт, зүрхний хэм алдагдал зэрэг өвчтэй хүмүүс эмээ түвэггүй авах боломж бүрдүүллээ.” хэмээн хэлсэн юм.

2020 онд ЭМДаатгалын газар нь 1,001 эмийн сантай гэрээтэй байсан бол одоогийн байдлаар 1,600 гаруй эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хүсэлтээ ирүүлээд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сангийн тоо 60 хувиар нэмэгджээ. Ийнхүү иргэд ирэх сарын 1-ний өдрөөс 1600 гаруй эмийн сангаас хөнгөлөлттэй эм авах боломжтой болжээ.