УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр боллоо

УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэхээр товлогдсон ч хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчилж буйтай холбоотойгоор түр хойшлоод байна.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэх бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож Үндсэн хуульд оруулах саналаа танилцуулах юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 02-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт илгээсэн албан бичигтээ, "Долоо хэмжих асуудлыг нэг хэмжиж хэрхэвч болохгүй гэдгийг онцгойлон сануулъя. Миний бие нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний хувьд Улсын Их Хурлаар хэлэлцүүлж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг албан бусаар олж авч, зохих хэмжээнд судалж танилцлаа. Авууштай зүйл ч байна, алдаатай зүйл ч байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран сандран хэлэлцэх бус наадмын дараа нухацтайгаар хэлэлцэх шаардлагатай байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх чуулганд биечлэн оролцож, саналаа тусгайлан илэрхийлнэ" хэмээсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох санал гаргана гэж талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг мажоритар системээр үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгох санал өгсөн байна. Хуулиар 801-ээс доошгүй хүн нэгдэж нам байгуулдаг босгыг өндөрсгөж 10 мянган хүн байх, мөн улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох санал гаргажээ.

Хэрвээ Ерөнхийлөгчийн энэ санал дэмжигдвэл МАН, АН-ын байр улсын өмч болох юм.   Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн алба, газар, газрын хэвлийн баялаг, баялгийн тэгш хуваарилалт асуудлаар тодорхой саналуудыг хүргүүлсэн байна. хүргүүлжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хүргүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг эхлээд эрх баригч намын бүлэг болон УИХ дахь байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх юм.

Өчигдөр Засгийн газар хуралдаж Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцээд төсөл санаачлагчид уламжлахаар болсон.

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа ард нийтийн санал асуулгыг авах юм. УИХ-ын чуулган ээлжит бусаар есдүгээр сарын 1-ны өдрийг хүртэл хуралдаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байгаа билээ.