ХЭРГИЙН ГАЗАР: Осгож амиа алдсан НЭГ настай охин нимгэн хувцастай, оймсгүй гарч явсан байжээ

ХЭРГИЙН ГАЗАР: Осгож амиа алдсан НЭГ настай охин нимгэн хувцастай, оймсгүй гарч явсан байжээ

Энэ долоо хоногт эрдэнэт 10 хүний амь нас эрсдэж олон нийтийг уй гунигт автууллаа. Энэхүү арван хүний 6 нь бага насны хүүхдүүд байгаа нь иргэдийг ихээхэн эмзэглүүлж, анхаарал татаж байна.Долоо хоногийн эхний өдөр дөрвөн бяцхан амь гэртээ шатаж хорвоог орхисон бол өчигдөр нэг ойтой бяцхан охин гудманд осгож амь насаа алджээ.

Уг харамсалтай хэрэг Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт гарсан бөгөөд бид тэр өдөр чухам юу болсон талаар тодруулахаар хэргийн газрыг зорьсон юм. Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн тул Улаанбаатар хотын гэр хороололтой хэсэг утаанд униартан, сааралтах ажээ. Хичээлээ тарсан бололтой харьж яваа жаалууд, гудамжны өнцөг тохой бүрт хэсэг хэсгээрээ ноцолдон тоглох нь харагдана. Бид явсаар хэрэг болсон гэх ШШГЕГ-ын харьяа 407-р хорих ангийн ойролцоо ирэв. Хэрэг энэ хавийнхний хэлж заншсанаар “задгай цагаан” гэж нэрлэгдэх газарт гарсан байна.

-БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН “ЗАДГАЙ ЦАГААН” ГЭЖ НЭРЛЭГДЭХ ГАЗАРТ ЭЭЖ ААВЫГАА ДАГАН ОЧСОН ОХИН ШӨНИЙН ЦАГААР ГЭРЭЭС ОЙМСГҮЙ, НИМГЭН ХУВЦАСТАЙ ГАРЧ ЯВЖЭЭ-

Болсон үйл явдлыг тодруулбал, хүүхэд алга болсон дуудлага анх Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст аравдугаар сарын 29-ны өглөөний 07:00 цагт иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж ажиллахад нэг настай охин гэрээс 100 метрийн зайнд осгож нас барсан байжээ.

Харин талийгаач охины эцэг, эх болон тэдний найз гэх хоёр этгээдийн хамт уусан архи нь бүрэн гараагүй, их хэмжээний согтолттой байсан тул эрүүлжүүлэх рүү авч явсан байна. Хэрэг гарсан өдөр Чингэлтэй дүүргийн иргэд болох Д, О нар нэг настай охины хамт Баянзүрх дүүргийн 21-р хороонд амьдардаг найзындаа очиж, архидан согтуурсан бөгөөд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, биеэ удирдах чадваргүй болсон тул унтацгаасан байна.

Ингээд үүрийн 05:00 цагт ухаан орж, хүүхдээ санахад нь охин хэдийн алга болсон байжээ. Тэд сэрцгээн үүрийн 05:00 цагаас 07:00 цаг хүртэл хүүхдийг өөрсдөө хайсан боловч олж чадаагүй тул арга буюу цагдаад хандсан байна.

- ХҮҮХЭД ГАРААД ЯВЧИХНА ГЭЖ БОДООГҮЙ-

Гэрийн эзэн Б цагдаад мэдүүлэхдээ “Гэрт гал түлсэн учраас их халуун байсан. Халуун болохоор нь гэрийн хаалгыг онгорхой орхиод унтсан, хүүхэд гараад явчихна гэж бодоогүй” хэмээн хэлжээ. Нэг нас гэдэг бол хүүхэд дөнгөж хөлд орж, алхаж байх үе. Хэрэг гарсан өдөр бяцхан охин алхаж, мөлхсөөр гэрээс холдсоноо ч мэдэлгүй аврал эрэн уйлан, чичирж байхад эцэг, эх нь уусан архиндаа дийлдэн дугжирч байсан нь тун ч харамсмаар. Охин халуун гэрээс гарахдаа оймсгүй, нимгэн хувцастай гарч явжээ.

Иргэн Б-ийнх монгол гэрт амьдардаг бөгөөд биднийг очиход гэр эзгүй байв. Харин тус дүүргийн 21-р хороонд очиж хороон ажилчдаас энэ талаар тодруулахад “Тийм хэрэг болсон. Цагдаагийнхан шалгаж байгаа гэсэн. Харин ямар хүмүүс байдаг гэдгийг нь сайн мэдэхгүй юм. Манай энэ хавьд зөвшөөрөлгүй маш олон айл ирж буудаг учраас тодорхой зүйл мэдэхгүй байна” гэсэн мэдээлэл өглөө.

-ТӨРӨӨС ГАРГАХ ХАЛАМЖИЙН БОДЛОГО ИХЭДСЭНЭЭС ИРГЭД
АЖИЛ ХИЙХИЙГ ХҮСЭЛГҮЙ, ХҮҮХДИЙН МӨНГӨӨР
АРХИ УУН ӨДӨР ХОНОГИЙГ ӨНГӨРӨӨЖ БАЙНА-

Сүүлийн үед эцэг эхчүүд болон томчуудын хараа хяналтгүй байдлаас болж бага насны олон хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Тэр тусмаа архинаас хамааралтай болсон эцэг, эхчүүдийн буруугаас болж бяцхан үрс золиослогдсоор л.

Хэрэг гарсан газар орчмын хашаа хороонд тодорхой хаяг байдаггүй учраас “Ганцын задгай” гэж нэрлэдэг, мөн тэр хавьд ихэвчлэн амьжиргааны түвшин доогуур хүмүүс амьдарч, өдөр хоногийг архи уун, хүүхдээ чарлуулж өнгөрүүлдэг гэдгийг олон нийт төвөггүй гадарлах биз ээ.

Харин түүний цаана бяцхан үрсийн эрүүл мэнд, амь нас хэрхэн золиослогддог гэдгийг бид таашгүй. Сүүлийн үед төрөөс иргэдэд үзүүлж буй халамжийн бодлого ихэссэнээс ажил хийх хүн олдохоо байсан, архинаас хамааралтай болсон эцэг эхчүүд хүүхдийн мөнгөөр архидан согтуурах явдал гардаг талаар олон нийт ярьсаар нь буй оргүй зүйл биш  юм.




Өнөөдөр бар өдөр

6 минутын өмнө