“Монгол” гэх нэрийг хараал болгосон тамирчинд хариуцлага тооцохыг НҮБ-ийн төлөөлөгч шаардсан гэв

“Монгол” гэх нэрийг хараал болгосон тамирчинд хариуцлага тооцохыг НҮБ-ийн төлөөлөгч шаардсан гэв

Өнгөрсөн долоо хоногт Португальд болсон “Formula One World Championship” уралдааны дараа “Red Bull” багийн тамирчин, Нидерландын Макс Верстаппен бусдыг гутаан доромжлохдоо “Монгол” гэсэн үгийг ашигласан нь ихээхэн маргаан үүсгээд байгаа билээ. 

Тэрбээр Портимаогийн зам дээр бэлтгэл хийхдээ өрсөлдөгч тамирчин Лэнс Строллтой мөргөлдсөн юм.

Энэхүү ослын дараа Верстаппен радиогоор өрсөлдөгч тамирчин руугаа дайрч давшлахдаа “What a retard. What a mongol” гэж харааж зүхсэн байдаг.

Энэ явдлын дараа Монгол нэрний талаар буруу ойлголтыг арилгах зорилготой “Mongol Identity” байгууллагаас нээлттэй захидал илгээж, Нидерландын тамирчнаас уучлал гуйхыг шаардаж байв. Тэгвэл Монгол улсаас НҮБ болон Дэлхийн Худалдааны Байгууллагад суугаа элч Лүндэгийн Пүрэвсүрэн уг асуудалд анхаарал хандуулж, “Red Bull” багийн удирдлагууд, Олон Улсын Автомашины Холбоо (FIA)-нд захидал бичсэн гэж Олон улсын хэвлэлүүдэд  мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Уг захидалд, Португалийн Гранпри тэмцээнд оролцох үеэр Red Bull-ийн жолооч Макс Верстаппен олон нийтийн дунд арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, ёс зүйгүй үг хэллэг хэрэглэсэн. Спорт бол дэлхий даяар эв нэгдлийн бэлгэдэл гэж тооцогддог бөгөөд спортод арьсны өнгөөр ​​ялгаварлан гадуурхах хэлбэр байх ёсгүй гэж би үздэг.

Тиймээс тамирчныг хэлсэн үгэндээ хариуцлага хүлээж, уучлалт гуйхыг шаардаж байна. Хэрвээ уучлал гуйхгүй бол дараа дараагийн шатанд арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ.

“Рэд Булл” багийн захирал Кристиан Хорнер ВВС-д өгсөн ярилцлагадаа “Верстаппен тэр үед зөвхөн жолоочтой дотооддоо ярьж байсан. Макс гэмт хэрэг үйлдэх гэсэнгүй. Тэр зөвхөн тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө автаж л тийм үг хэлсэн” хэмээн мэдэгдсэн юм.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө