Туркт төрийн эргэлт хийх оролдлогын үеэр амиа алдсан иргэдийн дурсгалд хүндэтгэл илэрхийлжээ

Туркт төрийн эргэлт хийх оролдлогын үеэр амиа алдсан иргэдийн дурсгалд хүндэтгэл илэрхийлжээ

БНТУ-д төрийн эргэлт хийх оролдлогын үеэр амь эрсэдсэн гэмгүй иргэдийн гэгээн дурсгалд  зориулан тус улсаас Монгол Улсад суугаа элчинн сайдын яам, монголд амьдарч буй турк иргэд өчигдөр хүндэтгэл илэрхийллээ.

“ФЕТО” хэмээх террорист бүлэг 2016 оны долдугаар сарын 15-нд төрийн эргэлт хийхээр оролдох үеэр туркийн 251 иргэн амь эрсэдэж, 2000 гаруй  хүн гэмтсэн байдаг. Төрийн эргэлт хийх оролдлогын дараа хоёр жилийн хугацаатай онц байдал зарласан нь өнгөрсөн онд дууссан. Энэ хугацаанд олон арван мянган хүнийг Турк даяар баривчлаад байгаа юм.

Туркийн шүүх 2016 оны төрийн эргэлтийг удирдсан гэгдэж байгаа Фетуллах Гюлен тэргүүтэй гадаадад дүрвэсэн 13 хүний хэргийг тусад нь шүүх захирамж гаргасан байна. Гюлен одоо АНУ-д амьдарч байгаа бөгөөд шилжүүлж өгөхийг Анкарагийн эрх баригчид Вашингтоноос шаардсаар байгаа.

БНТУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал “ФЕТО” байгууллагын гадаадад ажиллуулж буй сургуулиудын ажилтнуудаас мэдүүлэг авах шаардлага бий болсон. Зарим хэвлэл мэдээлийн хэрэгслээр гадаадад ажиллаж байгаад буцаж буй БНТУ-ын иргэдийг баривчлан эрүүдэн шүүж байгаа гэсэн мэдээлэл тархсан. Тийм биш. Бид зөвхөн мэдүүлэг авч, гэм буруутай эсэхийг нь шалгаж байгаа. Хэрэв гэм буруугүй бол тухайн хүнд ямар ч хариуцлага тооцохгүй. Тиймээс монгол байгаа найман багш Элчин сайдын яамандаа хандан бичиг баримтаа авч, эх орондоо очих бүрэн боломжтой. Түүнчлэн БНТУ бол эрүүдэн шүүхийг таслан зогсоосон улс. Манай улсад зөвхөн эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнийг хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр заавал олж, хариуцлага тооцдог. Гадаадад ФЕТО байгууллагын салбарууд ажилласнаар тухайн улсынхаа аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна хүрээгээ тэлэх магадлалтай. Улс орнууд ч турк сургуулиуд хэний хүүхдэд тэтгэлэг олгож, гадаадад сургаж байна вэ, энэ ямар шалтгаантай вэ гэдгийг нарийн шалгах хэрэгтэй. Бид үүнийг дэлхийн улс орнуудад сурталчлан таниулж, ойлгуулснаар ФЕТО байгууллагын сургуулиудыг хааж, тэнд ажиллаж байсан турк иргэдийг эх оронд нь буцаасан олон улс бий. БНТУ-ын Засгийн газар, хууль хяналтын байгууллага бусад орны хууль, тогтоолыг үгүйсгэж, нутаг дэвсгэрт нь  хүн хулгайлах үйлдэл хийхгүй” хэмээн онцолжээ.

Мөн өчигдөр бүтэлгүйтсэн төрийн эргэлтэд зориулж, Истанбул хотноо дурсгалын музей нээлтээ хийжээ. Уг музейг нээх ёслолын ажиллагаанд Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган оролцсон аж.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө