Н.Ганбямбын хүү 30 гаруйхан настай Г.Дөлгөөн Төрийн банкны Гүйцэтгэх захирал хийж байна

Н.Ганбямбын хүү 30 гаруйхан настай Г.Дөлгөөн Төрийн банкны Гүйцэтгэх захирал хийж байна

Монголын төр “төрийн өмчит арилжааны банк”-тай болохын тулд Засгийн Газрын 2009 оны 384 дүгээр тогтоол, Сангийн сайдын 259 дүгээр тушаалаар “Төрийн банк”-ыг анх байгуулсан байдаг. Харин 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр тухайн үедээ 507 салбартай, давхардсан тоогоор 1.7 сая гаруй харилцагчтай байсан Хадгаламж банкны тодорхой хөрөнгийг салбар, нэгжийн хамт Төрийн банкинд шилжүүлэх шийдвэрийг Монголбанкнаас гаргасан байдаг. Ингээд өнөөдөр төрийн өмчит Төрийн Банк нь 2,3 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, 500 гаруй салбар нэгж, 280 АТМ-ээр дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

Төрийн гэсэн тодотголтой болгоны удирдлагаар тэр улс төрчийн хамаатан, тэрний хүн томилогдсон гэсэн шүүмжийг дагуулдаг. Үүний тод жишээ нь төрийн өмчит Төрийн банк юм.

Учир нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараахан тус банкны Ерөнхий захирлаар Д.Баярсайханыг томилсон байдаг. Д.Баярсайхан нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн төрсөн дүү нь юм.

Харин У.Хүрэлсүхийн засгийн газар бүрэлдсэний дараахан Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг /2018 оны нэгдүгээр сард/ чөлөөлж, түүний оронд Г.Дөлгөөн хэмээх 30 гаруйхан настай залууг томилсон байдаг. Төрийн банкны удирдлагын багийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Г.Дөлгөөн нь УИХ-ын гишүүн асан, одоогийн Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямбын төрсөн хүү нь ажээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн харьяат, мөн 2020 оны сонгуульд Хэнтий эсвэл Сүхбаатар аймагт дэвшинэ гэсэн мэдээлэл бий.

Г.Дөлгөөн 2008 онд МУИС-ийг Олон улсын эдийн засагч /бакалаврын зэрэгтэй/ мэргэжлээр төгсөөд л Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч /2008-2016 оны хугацаанд/-аар ажиллаж байж. Энэ бол эдийн засагчаар төгссөн залууст тэр бүр олдоод байдаггүй боломж.

Харин 2016 оноос эхлэн тэрээр Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал /2016-2018 оны хугацаанд/-аар ажиллаж байсан байна. 

ТӨРИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ДӨЛГӨӨН:

Боловсролын байдал:

-2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр

-2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр

Ажилласан байдал:

-2008-2016 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч

-2015-2016 онд Люксембургийн  “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан

-2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал

-2018 оноос Төрийн Банкны Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна.