Ц.Гарамжав гишүүний оффис руу тавигдах замын хөрөнгийг Л.Энх-Амгалан сайд багцаасаа гаргажээ

Ц.Гарамжав гишүүний оффис руу тавигдах замын хөрөнгийг Л.Энх-Амгалан сайд багцаасаа гаргажээ

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Нийслэлийн төсвийн зардлаар өөрийн ажиллаж амьдардаг компанийн оффисын байр руу автоазам тавиулж байна гэх мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байгаа юм. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамжнаас баруун эргээд “Монполимет комплекс” орон сууц хүртэлх 54 орчим метрийг хамаарч буй.

Энэ замыг тавихад зориулан, Нийслэл дээр тендер нь зарлагдаж, 2019 онд Нийслэлийн төсөвт 550 сая төгрөг суулгасан байна. Улмаар Зам тээврийн хөгжлийн сайдын багцад багтжээ. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн сайд Л.Энх-Амгалан сайдын багцаасаа тухайн замыг барихад зориулсан хөрөнгийг гаргаж өгсөн гэх мэдээлэл байна.

Тухайн замын нээлттэй тендерт дурдсанаар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Авто замчдын гудамжнаас Монполимет комплекс орон сууц хүртэлх авто зам /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо/-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна” хэмээн цагаан дээр хараар дурайтал заасан байгаа юм.

Гэтэл Ц.Гарамжав гишүүн болон түүний хамаарал бүхий “Нар урт” ХХК,  “Монполимет” компанийн зүгээс нэг л байр суурийг илэрхийлж байгаа. Тэдний зүгээс “Энэ бол нийтийн эзэмшлийн зам талбай. Нийтийн эзэмшлийн талбай дээр зам тавих гэхээр хүмүүс хардаж байна. Нийтийн эзэмшлийн талбайд зам тавьж байгааг надтай хамааруулж болохгүй. Сэтгүүлчид мэдээллээ нягталж байж нийтэлж цац” хэмээж буй юм. Товчхондоо бол, Ц.Гарамжав гишүүний компаниуд “Автозамчдын гудамжнаас баруун эргээд Шангрилла руу чиглэн баригдах 250 метр зам тавигдах зам. Улс нийтийн эзэмшлийн талбайдаа өөрийн хөрөнгөөр зам тавьж байна, бидэнд хамааралгүй” гэж хэлээд байгаа. 

Харин нөгөө талаас шүүхэд хандсан гэх Солонгосын “Ю Эм Ди” тэргүүтэй компани “Автозамчдын гудамжнаас баруун эргээд Шангрилла руу чиглэн баригдах 250 метр автозам нэрийн дор Ц.Гарамжавын гэр, оффис руу чиглэсэн 54 орчим метр замыг улсын төсвийн 550 саяар барих гэж байна” хэмээн үзэж байгаа аж.  Эл замын маргаантай асуудал шүүхийн шатанд явж, шалгагдаж байгаа юм байна.

Хамгийн хачирхалтай нь 2018 онд “Монполимет” компанийн охин компани гэгддэг “Нар урт” ХХК нь Нийслэлийн автозамын хөгжлийн газарт “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны Автозамчдын гудамж, Монполимет цогцолборын 1 дүгээр барилгын арын 250м хатуу хучилттай автозамыг өөрийн хөрөнгө оруулалтаар барихаар зам гүүрийн зураг төслийн барилгын ажлын зураг төслийг “Ай Ай Ти Эс” ХХК-аар гүйцэтгүүлэн экспертизээр батлуулан ажил эхлүлэхэд бэлэн болоод байна. Иймд бидний ажилд дэмжлэг үзүүлэн зам барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож өгнө үү” гэсэн зөвшөөрөл хүсч байжээ.

Ингээд жилийн дараа энэ асуудал нийслэл төдийгүй яамны хэмжээнд шийдэгдэж УИХ-ын гишүүний оффис руу баригдах замын тендер зарлагдан, төсөв мөнгө нт шийдэгдсэн байна. Тендер дүрэм журам ёсоороо зарлагдаж, зам барьж болох ч 1км хүрэхгүй авто замыг бүхэл бүтэн хагас тэрбум төгрөгийн өртөгөөр барих гэж байгаа асуудал нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлээд байгаа юм.