ВИДЕО: Улаанбаатарт гацсан Орхон аймгийн иргэн Л.Билэгтсайханыг нутаг руу нь буцаажээ

ВИДЕО: Улаанбаатарт гацсан Орхон аймгийн иргэн Л.Билэгтсайханыг нутаг руу нь буцаажээ

Орхон аймгийн иргэн Л.Билэгтсайхан нь энэ сарын 11-ны өглөө /2020.11.11/ Улаанбаатар хотод эхнэрийнхээ хамтаар ирээд хөл, хорионд орж гацсан тухай мэдээлэл өчигдөр зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. 

Тодруулбал, Л.Билэгтсайхан нь ходоодны хорт хавдраар өвчлөөд хоёр жил болсон бөгөөд энэ удаа ээлжит хяналтын үзлэгтээ хамрагдаж, томографик хийлгэхээр Улаанбаатарт иржээ. Ингээд Хавдар судлалын үндэсний төвтэй ойрхон байрлах зочид буудалд хоёр хоноод эргэн харих төлөвлөгөөтэй байсан ч хөл, хорионд орж гацсан юм. Тэрбээр энэ 10 хоногийн хугацаанд машиндаа байрлаж, хонож байсан.  

Тэрбээр энэ талаараа "Өдөрт нь машинаа асааж дотор нь суудаг. Шөнө нь машиныхаа ард талын суудлыг ор болгоод унтдаг. Газын плитка айлаас гуйж хэрэглэж байгаа. Бэлэн гоймон, хиам зэрэг ходоодны хорт хавдраар өвчилсөн хүнд тохиромжгүй хүнсээр хооллож байна. Энэ өвчин, зовлонтой үед айлд очмооргүй байдаг. Хоёр жил ходоодны хорт хавдраад шаналсан учраас хуримтлуулсан мөнгөгүй. Охиноо гэрт нь ганцааранг нь үлдээсэн" гэж ярьсан юм. Түүний хэлснээр нийт 200 хавдартай иргэн хотод ирээд гацсан бөгөөд тэднийг гэр рүү буцааж тэнд нь хөл, хорионд оруулах арга хэмжээ авахыг төр засгийн зүгээс хүсч байсан юм. 

Тэгвэл өнөөдөр өглөө Л.Билэгтсайханыг хотоос гаргаж гэр рүү буцаасан байна. Тэрбээр энэ талаараа "Нийт ард түмнийхээ болон Монгол ТВ-ын ачаар гэртээ харихаар явлаа маш их баярлалаа" гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Түүнийг Улаанбаатар хотод байх явцад олон иргэн эд материал болон мөнгөн дэмжлэг үзүүлж байжээ. Тиймээс нийт тусалсан иргэддээ баярласнаа илэрхийлжээ.