ОХУ “Спутник V” вакциныг ирэх оны нэгдүгээр сараас олон улсад нийлүүлнэ гэв

ОХУ “Спутник V” вакциныг ирэх оны нэгдүгээр сараас олон улсад нийлүүлнэ гэв

Өнгөрсөн наймдугаар сарын 11-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Спутник V” гэж нэрлэсэн коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакцин гарган авснаа зарласан билээ. Үүгээр ч зогсохгүй Владимир Путины охин уг вакциныг хийлгэсэн бөгөөд түүний бие сайн байгаа талаар мэдээлж байв. Харин хэд хэдэн орны удирдагч, төлөөлөгчид болон мэргэжилтнүүд гуравдугаар шатны эмнэлзүйн туршилт дуусаагүй байхад вакцин гаргалаа хэмээн түрүүлж зарласныг шүүмжилж байсан. Гэсэн ч ОХУ-ын холбоотон орнууд “Спутник V”-г туршихаа мэдэгдсэн юм.

Энэ хугацаанд хүмүүсийн хамгийн их анхаарлыг татсан асуудал бол Владимир Путин охиндоо хийлгэсэн вакцинаа өөрөө хийлгэсэн үү гэсэн асуудал байсан. Гэсэн ч хоёр хоногийн өмнөөс Кремлиэс Ерөнхийлөгчөө сүүлчийн үр дүн нь тодорхой болоогүй вакцин хийлгэхгүй хэмээн мэдэгдсэн нь ОХУ-ын иргэдийн вакцинд итгэх итгэлийг бууруулж орхисон гэж хэлж болно.

Учир нь Засгийн газраас вакцин гарган авснаа зарлаж, хамгийн түрүүнд ард иргэд үнэ төлбөргүй хамрагдана хэмээж байсан ч судалгаагаар иргэдийн дийлэнх  хувь нь вакцин хийлгэх бодолгүй байгаа нь тодорхой болж байсан юм. 

Кремлийн мэдэгдлийн дараа шинжлэх ухааны “Scinece” сэтгүүлд тус вакцины талаар мэдээлэл гарчээ. Тодруулбал  “Спутник V” вакцины эхний тун хийлгэснээс 28 хоногийн дараа, хоёр дахь тун хийснээс 7 хоногийн дараа авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд вакцин халдвараас урьдчилан сэргийлэхэд 91.4 хувийн үр дүнтэй үйлчилж байгаа талаар бичсэн байна. Гэхдээ энэ нь 18794 оролцогчоос авсан авсан завсрын дүн шинжилгээ бөгөөд цаашид 40 мянган хүнд  вакциныг туршсаны дараа дахин дүгнэлт хийх юм.

Вакцин хийлгэсний дараа тухайн хүнд толгой өвдөх, халуурах гэх мэт шинж тэмдэг ажиглагдсан боловч, энэ нь удаан хугацааных биш аж. Сэтгүүлд бичсэнээр вакцины нэг давуу тал нь хадгалалтын горим. Учир нь “Спутник V”  туршилт нь амжилттай болж буй “Moderna” шиг өндөр температурт биш энгийн хөргөгчид хадгалах зориулалттай байна.

ОХУ-ын "Гамаеля" институтийн орлогч дарга Денис Логуновын мэдээлж буйгаар “Спутник V”-г олон улсын зах зээлд гаргахдаа нэг тунг 10 доллараас ихгүй байхаар худалдаалах бөгөөд 2021 онд 1 тэрбум тун үйлдвэрлэж тус оны нэгдүгээр сард олон улсад нийлүүлнэ гэжээ.  

Эх сурвалж: Scinece