ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын бүс нутаг хуурай, үржил шимгүй болох эрсдэлд байна

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын бүс нутаг хуурай, үржил шимгүй болох эрсдэлд байна

Дэлхийн шилдэг эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн тоонд зуй ёсоор ордог шинжлэх ухааны “Science”сэтгүүлд Зүүн Ази тэр дундаа манай улсын уур амьсгалын өөрчлөлтийн талаар томоохон хэмжээний судалгааны ажил хэвлэгджээ. Судлаачид Монголын бүс нутагт цаг агаарын өөрчлөлт эрчимтэй явагдаж буйг онцолж, сүүлийн хэдэн жилд манай орны нуур цөөрөм ширгэж буйг анхааруулжээ. Монголын бүс нутгийн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн талаар эрдэмтэд хэрхэн дүгнэснийг та дараах нийтлэлээс уншина уу.

-МОНГОЛЫН ТЭГШ ӨНДӨРЛӨГ ГАЗАР НУТАГ АНУ-ЫН БАРУУН ӨМНӨД ХЭСЭГТЭЙ АДИЛ ХУУРАЙ ҮРЖИЛ ШИМГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛД БАЙНА-

Сүүлийн 260 жилийн Зүүн Азийн цаг уурын хэв шинжийг тоймлон үзэхэд энэ бүс нутаг нь халуун, хуурайшилтын аюултай мөчлөгт автсан нь тодорхой байна. Энэ байдал удаан үргэлжилбэл тухайн газар нутгийн уур амьсгалыг үүрд өөрчлөх эрсдэлтэй. Тухайлбал, Монголын өндөрлөг газар нутгийг тэр чигээр нь хуурай уур амьсгалтай болгож өөрчлөх магадлалтай юм. Эрдэмтдийн Зүүн Ази тэр дундаа Монголын бүс нутагт хийсэн судалгаа нь тун түгшүүртэй дүр зургийг харуулж байна. Бүс нутгийн цаг уурын халуун төлөв хуурайшилт 20 жилийн өмнөхөөс илүү байгаа нь сүүлийн 260 жилийн турш тохиолдож байгаагүй зүйл юм.

Эрдэмтэд судалгааг хийхийн тулд модны жилийн цагиргийг тоолох аргыг ашиглажээ. Мод бол хүнтэй адил амьд организм. Хүн хоолтой, хоолгүй үедээ гаднын орчиндоо  хариг урвал үзүүлдэг шиг мод ч ижил хариу үзүүлдэг. Өөрөөр хэлбэл мод нь  ургаж байгаа орчныхоо өөрчлөлтийг өөр дээрээ тусгаж авдаг. Энэ нь модны  нэг жилийн цагирган өсөлтөн дээр тод харагддаг юм. Хэдэн жилийн цагираг байна гэж тоолохоосоо илүү тухайн нэг жилийн цагираг нь ямар өсөлттэй байна гэдгийг хэмжиж, судалснаар  модны хөгжил температураас болоод байна уу, эсвэл чийгээс үү, эсвэл зүйл хоорондын тэмцэл буюу орчин тойрных нь амьтан, ургамлын нөлөө байна уу гэдгийг нь мэдэх боломжтой. 

Судалгаанд оруулсан модны цагираг

Судлаачид Монголын өндөрлөгөөс авсан модон цагиргуудад дүн шинжилгээ хийхэд өнөөгийн температурын өөрчлөлт нь 260 жилийн түүхэнд байгаагүй өндөр байгааг харуулж байсан аж. Өөрөөр хэлбэл, Монголын тэгш өндөрлөг газар одоо хагас хуурай бүс нутаг боловч энэ хэвээр үлдэхгүй байх магадлалтай гэсэн үг юм. Судалгааны дагуу тус бүс нутаг бүр ч илүү халуун, ган гачигт нэрвэгдэж болзошгүй бөгөөд АНУ-ын баруун өмнөд хэсэгтэй адил хуурай, үржил шимгүй болох эрсдэлд байна гэсэн үг юм.

-ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ УСНЫ НӨӨЦӨД Ч НӨЛӨӨЛЖ ЭХЭЛЖЭЭ-

Судалгааны багийн ахлагч, цаг уур судлаач Ханс Линдерхольм Готенбургийн их сургуульд танилцуулсан тайландаа "Шилмүүст мод нь хэвийн бус өндөр температурт хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг. Монголын бүс нутаг дахь моднуудын цагиргийн өөрчлөлтөөс харахад сүүлийн хэдэн зуун жил  байгаагүй цаг уурын өөрчлөлтөд орсон байсан” гэжээ.

Түүнчлэн Монголын бүс нутгийн цаг агаарын өөрчлөлт нь усны нөөцөд нөлөөлж эхэлсэн аж. Хятад улсын хийсэн судалгаагаар Монгол даяар нууруудын тоо багасч байгаа бөгөөд сүүлийн зургаан жилийн хугацаанд 0.4 хавтгай дөрвөлжин миль /1 хавтгай дөрвөлжин км/-ээс том хэмжээтэй нууруудын тоо 26 хувиар буурсан байна. Түүнчлэн зөвхөн нуурууд ч ширгэж байгаа юм биш, хөрс ч мөн усгүйтэж эхэлжээ. Магадгүй энэ цаг агаарын нөхцөл нь бүс нутгийн экосистемд тэр дундаа өвсөн тэжээлтнүүдийн амьдралыг сүйрүүлэх эрсдэлтэй.

Энэ хэвээр Зүүн Ази дахь цаг агаарын нөхцөл байдал үргэлжилбэл дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгийн уур амьсгалд нөлөөлж эхлэхийг болно. Тиймээс тус улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд анхаарч, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй гэдгийг судлаачид тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Science, Gizmodo