ИРГЭН М: Шинжилгээ өгөх гэж хамт хүлээсэн хүү минь даараад, ханиад хүрчихээд ирсэн

ИРГЭН М: Шинжилгээ өгөх гэж хамт хүлээсэн хүү минь даараад, ханиад хүрчихээд ирсэн

Арваннэгдүгээр сарын 11-нд манай улс коронавирусийн халдварыг дотооддоо алдаж, 14 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ. Энэ хугацаанд буюу гэнэтийн хөл, хориог тогтоосонтой холбоотойгоор хөдөөнөөс ирээд хотод, хотоос хөдөө ажил, албаар явсан хүмүүс байгаа газартаа гацсан учир гэртээ харих хүсэлтийг холбогдох албаныханд өгч буй. Одоогоор нийслэл хотод гацсан 80 мянга гаруй иргэн орон нутаг руугаа буцах хүсэлтээ бүртгүүлээд байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатарт хөл хорионд ороод буй, халдвар илрээгүй орон нутгийн иргэдийг буцаана гэж УОК шийдвэрлэсэн.

Тодруулбал, орон нутгийн иргэд www.119.mn сайтад бүртгүүлж, улмаар УОК-ын Шуурхай штабаас заасан хуваарь ёсоор оношлогооны төвд зорчих хугацаанаасаа 48 цагийн өмнө Ковид-19 вирусийн шинжилгээ өгөх юм.

Иргэдийг нийт 13 бүсэд хуваан шинжилгээ авах шийдвэрийг энэ сарын 25-ны өдөр гаргасан бөгөөд шинжилгээ авах үйл явц өчигдөр /2020.11.29/-өөс эхэлсэн юм.

-ХҮЙТЭНД ОЛОН ЦАГ ЗОГССОН ХҮМҮҮС БҮГД ДААРЧ БЭЭРСЭН,
УУРЛАЖ БУХИМДСАН БАЙСАН-

Харин энэхүү үйл явц эхэлсэн өдрөөсөө л хүмүүсийн шүүмжлэлийг дагуулж, иргэдийн бухимдах гол сэдэв болоод байна. Учир нь шинжилгээ өгөхөөр иргэд хэт олноороо цугларан, халдвар хамгааллын дэглэм болоод хүн хоорондын 1,5-2 метрын зай барих зэрэг журмыг зөрчсөн, мөн тэдгээр иргэдийг өвлийн хүйтэнд олон цаг хүлээлгэсэн зэрэг асуудлууд гарсан юм. Үүнээс үүдэн хүмүүс даарч бээрэх, дарааллаа алдахгүйн тулд урагш дайрч хэт наалдах зэрэг олон хүндрэлүүд гарчээ.

Иргэдийг орон, нутаг руу нь буцаах журам гараад дөрөв хонож байгаа ч энэ хугацаанд хангалттай зохион байгуулалт хийгээгүй, иргэдэд хүндрэл чирэгдэл ихээр учруулж байна хэмээн хүмүүс шүүмжилж байгаа бөгөөд өчигдөр хийсэн УОК-ийн мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Шийдвэр гарснаас хойш их богино хугацаанд энэ ажлыг зохион байгуулж байгаа тул эхний өдөр туршлагагүйдэх, гэнэтийн саад бэрхшээл тулгарсан. Маргаашнаас хариуцлагатай ажиллаж, алдаа гаргахгүйг хичээх болно” гэж мэдэгдсэн юм. Энэ удаад бид шинжилгээ өгөх гэж олон цаг, хүүтэйгээ хүлээсэн иргэдийн төлөөлөлтэй холбогдсон бөгөөд шинжилгээ өгөх гэж хамт явсан хүү нь даарч ханиад хүрсээр буцаж иржээ.  

-ХҮҮГЭЭ БОДООД БУЦМААР БАЙСАН Ч ОЛОН ХОНОГ АЙЛД БАЙСАН БАС АРД ҮЛДСЭН ГЭР БҮЛИЙНХНИЙГЭЭ БОДООД ТЭССЭН-

-Таны хувьд хаанаас хэзээ нийслэлд орж ирсэн бэ?

-Би арваннэгдүгээр сарын 8-нд Говь-Алтай аймгаас нийслэд ирсэн. Хүү минь нэг нарийн шинжилгээ өгөх шаардлагатай болсон учраас эмнэлэгт үзүүлэнгээ өвлийнхөө бэлтгэлийг хангахаар орж ирсэн юм. Гэтэл халдвар гараад гэнэт хөл хорионд орчихсон. Ингээд өнөөдрийг хүртэл хамаатныдаа л байж байна.

-Өчигдөр хаана очиж шинжилгээ өгсөн бэ?

-Би 5 настай хүүгийнхээ хамт Баянгол дүүргийн 18-р хороонд байрлах “Оюуны ундраа” цогцолбор дээр очиж, шинжилгээ өгсөн.

-Нэлээн хүндрэл чирэгдэл гарч, хүмүүсийн бөөгнөрөл их байгаа харагдсан?

-Тийм ээ, би өглөө 08:00 цагт очиход хүмүүс их ирчихсэн байсан. Хүмүүс цаанаасаа цаг авж ирсэн ч бүгд бие биенээсээ түрүүлж орохын тулд зарим нь оочер дайрж, зураг дээр харагдаж байгаа шиг бие биетэйгээ шахуу наалдаж зогссон. Тэгээд дээрээс нь тэнд хөгшин настай, тэргэнцэртэй, өвчтэй гээд маш олон төрлийн хүмүүс байсан. Зарим нь бүр нимгэхэн хувцастай олон цаг зогсож харагдсан. Бүгд л даарсан, бухимдсан стресстэй харагдаж байсан.

-МАШ ОЛОН ӨНДӨР НАСТАЙ, ӨВЧИН ХУУЧТАЙ, НИМГЭХЭН ХУВЦАСЛАСАН ХҮМҮҮС ДАРААЛЛАА ХҮЛЭЭН ОЛОН ЦАГ ЗОГСОЖ БАЙСАН-

-Таны хувьд хэдэн цаг дарааллаа хүлээж зогссон бэ?

-Би өглөө 08:00 цагт ирээд 13:00 цаг өнгөрч байхад л шинжилгээгээ өгсөн. Эхний хоёр цаг хүмүүс ерөөсөө шинжилгээгээ өгч чадаагүй. Доторх нэг зүйл нь эвдэрсэн, компьютер гацсан ч гэлүү бусад шалтгаанаас хоёр цаг тэр олон хүмүүсийг хүлээлгэсэн. Тэгээд нэг юм оочерлож байж орсон доо. Тэр хугацаанд хүү маань даараад л, бие засмаар байна гээд. Би хүүдээ халуун уух зүйл олж, бие засуулж бас дулаацуулах гэж их газар хайсан. Тэгээд буцаад ирэхэд хүмүүс урдуураа оруулахгүй оочер дайрч байна гэж уурласан, уг ард талынхаа хүнд хэлээд явсан юм.

Гэхдээ олон цаг хүйтэн цасан дээр хүлээж зогсоо хүмүүст бүх зүйл л хэцүү байсан байх. Харин хүү маань шинжилгээ өгөөдь гэрт ирснийхээ дараа нус нь гоожоод ханиалгаад эхэлсэн. Одоо хурдан ханиадыг нь дарах гээд л байж байна. Аргагүй даарчихсан байх л даа. Хэрэндээ дулаан хувцаслаж гарч ирсэн ч бага насны хүүхэд олон цаг гадаа хөдөлгөөнгүй зогсоно гэдэг хэцүү. Үнэхээр хүүгээ аваад буцмаар байсан ч энэ олон хоног айлд, тэгээд бас хойно үлдсэн гэр бүлийнхнийгээ бодоод л тэсээд зогссон.

-Хүмүүс хоорондын зай огт баримтлахгүй байгаа харагдсан. Тэр их хугацаанд бөөгнөрөөд л зогсоод байсан юм уу?

-Өглөө хоёр цагийн турш хүмүүсийн бөөгнөрч байсан л даа. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд хүмүүст шаардлага тавьж эхэлсэн. Эхэндээ цагдаа нар ирсэн ч хүмүүс бөөгнөрөхөө болилгүй, цагдаа нартай маргалдаж байсан. Тэгээд удалгүй хүн хоорондайн зайгаа баримталж эхэлсэн. Цаашид шинжилгээ авах ажлыг илүү зохион байгуулалттай, түргэн шуурхай гүйцэтгэж ахиж олон хүмүүсийг битгий хүйтэнд дааруулаасай л гэж хүсэж байна. Хүмүүс даарснаас болоод эрүүл мэндээрээ ч хохирох тохиолдол гарч байгааг харгалзан үзээд сайн ажиллаасай гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.