24 насандаа Аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн, эмч бүсгүй Э.Ариунзаяатай ярилцлаа

24 насандаа Аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн, эмч бүсгүй Э.Ариунзаяатай ярилцлаа

Бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих уралдаан. Эрийн гурван наадамд эмэгтэй хүний эзлэх байр суурь тун “давчуу”. Хурдан морины уралдаан, морь уяач гэхэд л хамгийн түрүүнд эрэгтэй хүн л санаанд ордог нь нууц биш.

Гэтэл зөвхөн эрчүүд л морь уяж, хусуур зүүдэг гэх хэдэн зуун жил дамнан ирсэн бичигдээгүй хуулийг эвдэхээр хичээж яваа нэгэн бүсгүйг бид энэ удаа онцолж байна. Түүнийг Эрдэнэбилэгийн Ариунзаяа гэдэг бөгөөд тэрээр 24-хөн настайдаа Аймгийн алдарт уяач цолыг хүртсэн юм. Гурван охинтой айлын дундах, эмч мэргэжилтэй Э.Ариунзаяа багаасаа л морьд хорхойтой хүүхэд байж, аавыгаа даган жил жилийн наадамд очсоор морь уяач болжээ.

-МОРЬ УЯНА ГЭДЭГ МАШ ТОМ САНХҮҮГИЙН АСУУДАЛ,
ЭРГЭЖ БУЦАЛТГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨСНИЙ ЭЦЭСТ ҮР ШИМИЙГ НЬ
ХҮРТДЭГ АЖИЛ-

-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

-Сайн сайн байна уу. Намайг Эрдэнэбилэгийн Ариунзаяа гэдэг. Би 24 настай Сүхбаатар аймгийн халзан суманд төрсөн. Хүний их эмч мэргэжилтэй. Одоогоор Анагаахын Эрдмийн Сургуульд магистр болон нарийн мэргэжлээр гүнзгийрүүлэн сурч байна. Манайх ам бүл тавуулаа. Аав маань Монгол Улсын алдарт Уяач У.Эрдэнэбилэг. Өвөөг маань Монгол Улсын Манлай уяач Ухна гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Харин ээж маань Сүхбаатар аймгийн 1-р арван жилд биологийн багшаар ажилладаг. Манайх гурван охинтой, би айлын дундах нь. Аав маань би эр хүн шиг гурван сайхан охинтой гэж их ярьдаг /инээв/.

-Ихэнх хүн морь уяач гэхэд эрэгтэй хүнээр төсөөлдөг шүү дээ. Гурван охинтой айлын дундах охин яаж яваад морь уяж, сойх болов. Магадгүй таны хүүхэд настай холбоотой байх. Бага байхдаа морь их унадаг хүүхэд байв уу.

-Би бага балчир байхаасаа л моринд их дуртай, морь давхиж байгааг шимтэн үздэг хүүхэд байсан юм. Морийг эрхэмлэн дээдэлж, аавыгаа дагаж л хурдан хүлгийн их соёлтой хөл нийлүүлэн алхсан даа. Гэхдээ хурдан морь нэг их унаж байгаагүй ээ. Бага байхад аав маань эгч бид хоёрыг хурдан морь унуулж сургана гээд ганц, хоёр өдөр мориор худаг руу хөтөлж явдаг байсан. Гэтэл маргааш нь миний бөөр өвдөж халуураад, тэрнээс хойш аав маань “эмэгтэй хүүхэд доргино” гээд хурдны морь унуулахаа больсон.

-Тэгвэл хэзээнээс уяа эхлүүлж, морь уях болсон юм бэ?

-Яг хэзээ гэдгээ тодорхой сайн мэдэхгүй байна. Моринд дурлаж, хорхойсож явсаар аавыгаа дагаж, удалгүй аавынхаа туслах нь болж нэг л мэдэхэд аймгийн алдартын болзол хангасан даа.

-Морь уяж, уралдаанд бэлтгэхэд юуг хамгийн их анхаарах шаардлагатай байдаг юм бол. Ер нь та ямар насны морьдыг ихэвчлэн сойж, бэлддэг вэ?

-Бүх насны морийг уядаг. Морь уяхаас гадна аавынхаа туслах нь болж, гар хөлийн үзүүр дэх жижиг ажлуудыг амжуулдаг. “Морь сайн уяж суръя гэвэл эхлээд мориныхоо бартгийг арилгаж сурах хэрэгтэй” гэж аав минь байнга захидаг. Манайх гурван охинтой болохоор би эр хүний хийдэг ажлуудыг чамгүй их хийж өссөн л дөө. Аавынхаа ажилсаг хөдөлмөрч занд нь бас хааяа чирэгдэнэ. Аавтайгаа "портер" машин дээр морьдоо ачаад давхил хийхээр явна. Аав минь яг миний хажууд мотоциклтой дагаж яваад “Миний охин одоо хоёрдугаар араа руугаа хийгээрэй гэж бархирна” энэ мэт морьтой холбоотой аав бид хоёрын хөгжилтэй түүхүүд олон бий. Морь уях тийм ч амар ажил биш. Нойргүй хонох бол наад захын л асуудал. Морь уяна гэдэг унаач, уяач төдийгүй олон хүний хүч хөдөлмөр багийн ажиллагаа байдаг. Маш том санхүүгийн асуудал, эргэж цуцалтгүй хөдөлмөрлөсний эцэст л үр шимийг нь хүртдэг.

-ХҮҮХЭД, МОРЬ ХОЁР ЭСЭН МЭНД ИРЭХИЙГ ХАРАХ ШИГ
САЙХАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ-

-Аав, өвөөд тань морь уях өөрийн гэсэн арга ухаан байдаг байх. Таны хувьд өөрийн гэсэн онцлог, эсвэл нууц зүйл байдаг уу?

-Мэдээж нууц арга гээд байх юм байхгүй ээ. Морины уяа сойлгыг тааруулахаас эхлээд нөгөөтээгүүр морины уналга, эдэлгээ хүч тамираас нь их хамаарна. Адуу, адууны онцлогоос шалтгаалж ямар ажил/ давхил, ханагар, хөлс гээд бүгд багтсан утгатай/  хийх , тэжээлийг нь яаж өгөх гэх мэт зүйлс дээр анхаарах хэрэгтэй. Хурдан морь уяхад юун түрүүнд тэр адуунд байгалиасаа төрмөл хурдан чанар заяасан байх хэрэгтэй. Тэрнээс хурд суулгана гэж байдаггүй. Аливаа зүйлийн уг суурь хамгийн чухал. Харин үүнийг цааш нь уяач яаж үргэлжлүүлэхээс бүх зүйл шалтгаална. Уяач хүн адуугаа хайрлаж, алсаас зөөлөн ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг.

Ариунзаяагийн аав Монгол Улсын алдарт Уяач У.Эрдэнэбилэг

Ариунзаяагийн өвөө Монгол Улсын Манлай уяач Ухна

-Аав, өвөө тань хоёулаа алдартай уяачид. Танай удамд өөр уяач хүн бий юү?

-Амбуу овгийн удам дамжсан уяачид байдаг. Ээжийн маань аав бас Аймгийн алдарт уяач Монгол Улсын гарамгай мэргэн Моононгийн Баатарсүх гэж хүн бий. Аавынхаа  төрсөн ах дүү нарыг дурдахгүй байхын аргагүй. Аймгийн алдарт уяач Ухнын Гантөмөр, Аймгийн алдарч уяач Ухнын Гансүх, Монгол Улсын сайн малчин, Аймгийн алдарт уяач Ухнын Адъяа , Аймгийн алдарт уяач Лувсангийн Энхбат, Аймгийн алдарт уяач Гансүхийн Баадай, Сүхбаатар аймгийн хамгийн залуу Аймгийн алдарт уяач Адъяагийн Бумбаяр, Сумын алдарт уяач Мөнхбатын Бүрэнбаяр, Энхбатын Амарсайхан, Мөнхбатын Бүрэнбаатар, Адъяагийн Бум-Эрдэнэ гээд гэр бүл, ойрын төрөлд маань олон сайхан уяачид бий.

-Таны хувьд саяхан Алдарт уяач цолыг хүртсэн. Энэ тухайгаа бидэнтэй хуваалцаач. 20 гаруйхан насандаа, бас бүсгүй хүн энэ цолыг хүртсэн гэхээр бахархмаар санагдаж байлаа. 

-Баярлалаа. Өвөө, аав, охин Монгол Улсын Манлай, Монгол Улсын Алдарт,  Аймгийн Алдартын цолонд хүрлээ. 2020 оны долдугаар сарын 10-нд Сүхбаатар аймгийн Халзан сумынхаа баяр наадмын баярын хурлын нээлтэн дээр Монгол Улсын Сайн малчин, Аймгийн алдарт уяач Ухнын Адьяа ахаасаа шагналаа гардаж авсан минь маш нандин, мартагдашгүй мөч байсан. Уг нь Аймгийн алдарт уяач цолыг цагаан сарын өмнөхөн аймгийн засаг дарга  гардуулж өгдөг уламжлалтай. Энэ жил дэлхий нийтэд коронавирусийн халдвар гарсантай холбоотой хүмүүсийг бөөгнөрүүлэхгүйн тулд сум сумд руу нь шагналуудыг явуулсан.

-Аймгийн алдарт уяач болохын тулд ямар болзол хангадаг юм бэ?

-Ойролцоогоор аймгийн алдарт уяачийн болзол аймаг сумын тэгш ойн чанартай баяр наадмуудаас 12 айраг түрүү байдаг. Миний хувьд Асгат сумын 95 жилийн ойгоор манай гал уяа сайхан наадсан. Мөнх Манлайн Хурд Гал гурван түрүү, хоёр аман хүзүү хүртсэн.

-Яг уяж сойсон морь тань тоос татуулж, барианд орох мөч хамгийн сайхан мөч байдаг байх. Ер нь таны хувьд уралдаанаас авдаг, мэдэрдэг хамгийн сайхан агшин нь юу вэ?

-Тийм шүү. Морь, хүүхэд эсэн мэнд ирэх шиг сайхан зүйл байхгүй дээ. Уралдааны үеэр их сандардаг. Сандрахад хүн хүний бие организмд өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг бол миний гэдэс базлаад байдаг юм. “Торгон тарны орой” /наадмын өмнөх өдөр/ нойр хүрэхгүй догдлоод, аавтайгаа цуг морио манадаг. Миний морь уях аавын минь хөдөлмөр зүтгэлийн хажууд юу ч биш. Ааваараа л маш их омогшиж бахархдаг. Ер нь морь уях гэдэг бол тийм ч амар ажил биш. Маш их хөдөлмөр, цаг хугацаа, хөлс хүч урсдаг гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй.

Аймгийн Алдарт уяач цолоо авсны дараа

-ЭМЭГТЭЙ ХҮН ГЭСЭН УТГААР БАСАЖ, ҮЛ ТООХ ХАНДЛАГА БУСАД ХҮМҮҮСЭЭС ХЭЗЭЭ Ч МЭДРЭГДЭЖ БАЙГААГҮЙ-

-Эрийн гурван наадам гэж хэлдэг. Тэгэхээр эмэгтэй уяач гэхээр бусад эрэгтэй уяачид яаж хүлээж авдаг вэ. Басах, үл тоох ч гэдэг юм уу тийм хандлага мэдрэгдэж байв уу?

-Басах, үл тоох хандлага огт мэдрэгдэж байгаагүй ээ. Наадам бүрд, морьны давхил хийхээр явахад нөгөө л нэг Ариука аавыгаа дагаад морьдтойгоо явж байдаг болохоор нутаг усныхан аймаг, даяараа мэддэг. Тийм болохоор хэзээ ч эмэгтэй хүн гэсэн утгаар басаж байгаагүй ээ. Аав бид хоёрт нөмөр түшиг болдог дөрвөн гайхалтай залуу бий. Аймгийн Алдарт уяач Адъяагийн Бумбаяр, Адъяагийн Бум-Эрдэнэ, Сумын алдарт уяач Мөнхбатын Бүрэнбаяр,  Мөнхбатын Бүрэнбаатар дүү нар маань хөдөлмөрч тусархуу хүнлэг чанараараа хүмүүст байнга үлгэр дуурайлал болдог. Амбуу удмын залгамж халаа. Дүү нараасаа байнга суралцдаг, бас эд нарынхаа нөмөр нөөлөгт тийм хандлага хэзээ ч мэдрэгдэж байгаагүй.  Манай морийг Түвшингийн Булганхүү гэж дүү маань унадаг юм. Их хэрсүү, сэргэлэн цовоо хүү бий.

Унаач хүү Т.Булганхүү

-Нээрээ та яагаад эмч мэргэжлийг сонгосон юм бэ?

Би багаасаа л эмч болох мөрөөдөлтэй байсан. Учир нь аав ээж, өвөө эмээ, хамаатнуудаа нэг ч гэсэн удаа эмнэлэг явуулахгүйгээр тариаг нь ч болтугай хийж өгөх юмсан гэж боддог байсан юм. Ард түмнээ эрүүл саруул амар амгалан аз жаргалтай байлгахын төлөө эмчийнхээ мэргэжлээр ажиллаж, удам дамжин уламжлагдаж ирсэн морьтны өв соёлоо хадгалан хурд таслахгүй үргэлжлүүлнэ.

-Сэлэнгэ аймгийн уяач Д.Хорлоодой гуай Монгол Улсын Алдарт уяач цолтой шүү дээ. Тэгэхээр энэ салбарт, бас нөгөө талаар энэ спортод эмэгтэй хүний орон зай бий гэсэн үг. Та морь уях уу. Цаашдын зорилгынхоо талаар бидэнд яриач?

-Монгол Улсын Алдарт уяач Д.Хорлоодой алдартыг мэдэхгүй хүн гэж байхгүй байх аа. Архангай аймгийн  Хотонт сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач, Монгол Улсын начин  Цэвээнжавын Дуламсүрэн гуай надад хандаж “Монголд нэг  л  алдарт  уяач  бий. Хоёр дахь  нь  миний  дүү  болоорой. Дараа нь  Монгол  Улсын  анхны  манлай  уяач  болоорой,  сайн  хүний  үр  сорт  гүүний  унага  хол  өндөрт  сайн  явах   учиртай. Монгол  галын  бурхан эмэгтэй  хүн  морь  уяж,  уяан  дээр  байж  болохыг  түүх  харуулна  өвгөдийнхөө   нэрийг  өндөрт  өргөж өнө  мөнхөд  гялалзаж  яваарай” гэж хэлсэн юм. Би энэ үгийг хэзээ ч мартддаггүй. Олон сайхан хүмүүний үгийг бодож, үргэлж хөдөлмөрлөх болно. Энэ жилийн хувьд сум аймгийн наадам давхацсан учраас улсын наадамд морьдоо сойгоогүй ээ. Ирэх жил 100 жилдээ бэлдэнэ дээ.

-Ярилцсанд баярлалаа. Зорилго, мөрөөдлөө заавал биелүүлээрэй.

-Баярлалаа.




Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

53 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр хулгана өдөр

58 минутын өмнө