“Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд 12 мянган иргэн хамрагдаад байна гэв

“Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд 12 мянган иргэн хамрагдаад байна гэв

Коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд тандалтын зорилгоор энэ сарын 4-нд эхэлсэн “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд одоогоор 12 мянга гаруй иргэн хамрагдсан талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа мэдээллээ. 

Тэрээр “нийт шинжилгээ авах өрхүүдийн 70 хувь нь коронавирусний халдвар илэрсэн хороодод, 30 хувь нь бусад хороонд байх юм. Шинжилгээ авах 48 цэг нийслэлд ажиллаж байгаагаас 18 нь байнгын, 30 нь түр цэг юм. Шинжилгээнд хамруулах өрхүүдийг сонгож дууссан бөгөөд сонгогдоогүй өрхийн иргэд шинжилгээний цэгт очиж, ачаалал үүсгэхгүй байхыг анхааруулж байна” гэсэн юм. 

Сонирхуулахад, Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу нийслэлийн 70 мянган өрхийг сонгож, өрх тус бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах ажлыг 7 хоногийн хугацаанд зохион байгуулж буй юм. Өрхийг дүүргүүдийн Онцгой комисс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв сонгож байгаа бөгөөд олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсхүл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний байгууллагад ажилладаг зэргийг харгалзаж байгаа аж.