Хятадын уурхайд хорт хий алдагдаж, 18 хүн амиа алджээ

Хятадын уурхайд хорт хий алдагдаж, 18 хүн амиа алджээ

БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Чунцин хотын Дяошуидун нүүрсний уурхайд нүүрстөрөгчийн дутуу ислийн хий алдагдсаны улмаас 18 уурхайчин нас барж, таван хүн сураггүй алга болжээ. Уурхай хоёр сарын турш хаалттай байсан бөгөөд ажилчид газар доорх тоног төхөөрөмж зөөж байх үед санамсаргүй байдлаар хий алдагдсан байна. Хятадын төв телевизийн мэдээлж буйгаар өнөөдөр нэг хүнийг аврах багийнхан олж, эмнэлэгт хүргэжээ. Одоо сураггүй болсон 5 хүнийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Тус улсад уурхайн осол цөөнгүй гардаг бөгөөд ихэнх тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас үүдэлтэй байдаг. 

Өнгөрсөн есдүгээр сард гэхэд тус хотын өөр уурхайд туузан дамжуулагч шатаж их хэмжээний нүүрстөрөгчийн дутуу исэл ялгарснаас үүдэн 16 хүн амиа алдаж байсан юм. Үүнээс өмнө 2019 оны 12 дугаар сард Хятадын баруун өмнөд хэсэгт орших Гуйжоу мужийн нүүрсний уурхайд дэлбэрэлт болж 14 хүн амь үрэгдэж байжээ. 

Эх сурвалж: BBC