ТУРШЛАГА: Монголоос бусад улс орнууд ч хөл, хорио тогтоож эхэлжээ

ТУРШЛАГА: Монголоос бусад улс орнууд ч хөл, хорио тогтоож эхэлжээ

Манай улсад коронавирусийн халдвар дотоодод тархсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн сарын 11-ны өдрөөс /2020.11.11/ хөл, хорио тогтоогоод байна. Хамгийн сүүлд тавьсан хөл, хорио ирэх долоо хоногт дуусах юм. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварын тархалтыг хумих хамгийн оновчтой аргуудын нэгийг ХӨЛ, ХОРИО тогтоох гэж тайлбарлаж буй. Энэ дагуу ганц манай улс гэлтгүй бусад улс орнууд ч өнөөдрийг хүртэл хатуу болон хэсэгчилсэн хөл, хориог тодорхой хугацаанд тогтоож ирсэн. Цаашид Улсын онцгой комиссоос ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй ч шинжлэх ухаанд суурилсан, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдсан арга хэмжээ авах болов уу гэсэн хүлээлт бий. 

Тэгвэл ганц манай улсад бус дэлхийн олон оронд коронавирусийн халдвар нэмэгдэж тэр хэрээр зохицуулалтын арга хэмжээг авч байгаа аж. Тухайлбал, БНСУ, БНХАУ, Турк, Сингапур, Англи зэрэг улс орнуудад сүүлийн өдрүүдэд халдварын дэгдэлд нэмэгдэж хөл, хориог тогтоож эхэлжээ. 

-СӨҮЛ: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗОРЧИХ ТООГ 30 ХУВИАР БАГАСГАЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООВ-

Тодруулбал, Сөүлд өнөөдрөөс эхлэн энэ сарын 18-ны өдрийг дуустал хоёр долоо хоногийн хугацаанд 21.00 цагаас хойш 300м2-ээс дээш талбайтай дэлгүүр болон бусад үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, нийтийн тээврийн зорчих тоог 30 хувиар багасгах арга хэмжээ авахаар болжээ. Ингэхдээ зөвхөн 300м2-ээс дээш тайлбайтай дэлгүүр болон хүн олноороо цуглардаг аж ахуйн нэгжүүдийг орой 21.00 цаг хүртэл л ажиллахыг зөвшөөрөх юм байна. Дээрх хугацаанд том дэлгүүрүүдээс гадна кино театр, PC тоглоомын газар, уншлагын танхим, автомат тоглоомын газар, стади кафе, хүүхдийн тоглоомын парк, үсчин, гоо сайхан,  их дэлгүүрийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоожээ.  

-БНХАУ-Д 18 ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЭВ-

Мөн өнгөрсөн сарын 30-ны өдрөөс хойш БНХАУ-ын 31 муж, өөртөө засах орон, төв засгийн шууд харьяа хотууд болон Шиньжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын байгууламжид коронавирусийн халдварын 18 шинэ тохиолдол бүртгэгдсэний дөрөв нь хилийн чанадаас зөөвөрлөгдөж орж ирсэн бол найм нь дотоодын халдвар байжээ. 11-р сарын 30-ний өдөр хүртэлх байдлаар тус улсад нийтдээ 86 мянга 542 хүн халдвар авч, 81 мянга 631 хүн эдгэрэн эмнэлгээс гарч 4634 өвчтөн нас баржээ. 

Эх сурвалж: mongol.cri.cn

-ТУРК:АЖЛЫН ӨДӨР 21.00-05.00 ЦАГ ХҮРТЭЛ ХАТУУ ХӨЛ, ХОРИО ТОГТООВ -

Харин Туркт коронавирусийн тархалтын нөхцөл байдал хүндэрч даваа гарагийн /2020.11.30/ байдлаар нийт өвчлөгсдийн тоо 500 мянга давсан бөгөөд хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Эрдоан хөл хорионы дэглэмийг чангатгажээ. Тодруулбал, ажлын өдрүүдэд 21.00-05.00 цагт, амралтын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Мөн 65-аас дээш, 20-оос доош насныхан нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байх, худалдааны төвүүд зөвхөн #Hes кодоор шалган нэвтрүүлэх зэрэг хязгаарлалтыг хийж эхэлжээ. 

Эх сурвалж: Daily Sabah,

-СИНГАПУР:“КОВИД-19”-ИЙН “PCR” ШИНЖИЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОВ- 

Өнөөдрөөс эхлэн /2020.12.05/ Сингапурын иргэд коронавирусийн“PCR” оношилгоо, шинжилгээнд нээлттэй хамрагдах боломжтой болжээ. Өнөөг хүртэл зөвхөн өвчний шинж тэмдэг илэрсэн болон Эрүүл мэндийн яамнаас шинжилгээ өгөх зөвшөөрөл авсан хүмүүс “PCR”-ийн шинжилгээнд хамрагдах боломжтой байсан юм. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд зөвшөөрөгдсөн хувийн эмнэлгүүдэд урьдчилан цаг авч үйлчлүүлэх ба шинжилгээ 200 Сингапур долларын төлбөртэй байх ажээ. Эх сурвалж: https://www.straitstimes.com/singapore/health/covid-19-pcr-tests-available-to- public-from-dec-1 

-АНГЛИ: ГЭРИЙН ХӨЛ, ХОРИОГ САХИХ ЗӨВЛӨМЖ ӨГНӨ-

ИБУИВУ-ын Засгийн газар олон нийтийн арга хэмжээг хориглох нь коронавирусийн цар тахлын тархалтыг ердөө таван хувь бууруулж буй тул үр дүн багатай гэж үзэж байна. Халдвар ихэвчлэн гэр бүлийн гишүүд болон бага талбайтай өрөө, тасалгаанд ойр хавийн хүмүүс хооронд илүүтэй дамжин тархаж эсрэгээрээ ил задгай талбайд халдвар харьцангуй бага байна гэж тус улсын Ерөнхий сайдын шинжлэх ухааны асуудал хариуцсан ерөнхий зөвлөх ноён Патрик Валланс хэвлэлийн “ВВС” агентлагийн сурвалжлагчид мэдээлсэн байна. Тэрээр "Цаашид эмнэлэгийн байгууллагууд коронавирусийн халдварын шинж тэмдэг сулавтар илэрч буй иргэдэд оношлогоо хийхгүй. Гэрийн хөл, хориог сахих зөвлөмж өгөх бөгөөд хүндэвтэр шинж тэмдэгтэй халдвар авагсдыг яаралтай оношилж, эмчилгээний сонголтыг хийх чиглэлээр ажиллах болно" гэж нэмж хэлсэн байна




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө