Коронавирусийн улмаас суллагдах боломжтой 790 хүний судалгааг гаргажээ

Коронавирусийн улмаас суллагдах боломжтой 790 хүний судалгааг гаргажээ

Дэлхийн олон оронд цар тахлын үед шоронгийн нөхцөл  хамгийн эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тийм ч учраас хоригдлуудыг ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм. Зарим улс орнуудын хувьд хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, батлан даалтад гаргах, цар тахалтай тэмцэхэд дайчлах зэргээр шийдэж байна. НҮБ болон ДЭМБ-аас ч цар тахлын үед хүний эрхийг нэн тэргүүнд тавихыг уриалан “COVID-19”-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй буюу ахмад настай, архаг хууч өвчтэй, нийгэмд ноцтой хор хохирол учруулаагүй буюу хүчирхийллээс бусад хөнгөн хэргээр шийтгэгдсэн, мөн эмэгтэй болон насанд хүрээгүй хоригдлуудыг суллах механизмыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж зөвлөжээ.

Манай улсын хувьд архаг хууч өвчтэй болон 60-аас дээш настай, мөн эмэгтэйчүүд гээд 790 иргэн хоригдож байгаа судалгааг холбогдох албанаас гаргажээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Ковид-19 гарсантай холбоотойгоор шоронд ял эдэлж байгаа архаг хууч өвчтэй болон мөн эмэгтэйчүүд, 60-аас дээш настай хүмүүсийн судалгааг авсан. Хэрвээ эдгээр хүмүүсийг суллана гэвэл УИХ Өршөөлийн хууль батлах ёстой. Эсвэл шүүхийн шийдвэрээр л суллагдана. Түүнээс биш ДЭМБ-ын зөвлөмжөөр ял эдэлж байгаа хүмүүсийг суллах боломжгүй” гэсэн юм. Гэхдээ архаг хууч өвчтэй болон 60-аас дээш настай хүмүүсийн хэдэн хувь нь хөнгөн ялтай болон Өршөөлд хамрагдах боломжтой судалгааг ч Хууль зүй дотоод хэргийн яамнаас хийжээ.

Мөн манай улсын ЗГ "Өршөөл үзүүлэх тухай" хууль батлах судалгаа хийж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байсан. Тэрээр “Дэлхий олон оронд цар тахлын үед хамгийн эрсдэлтэй нөхцөлд шоронгийн нөхцөлийг тооцож байгаа. Тийм ч учраас хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байгаа” гэж байсан юм. Зарим улсууд хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах, цар тахалтай тэмцэхэд дайчлах, хүн хүчний дутагдалд орсон үйлдвэрүүдэд ажиллуулах /амны хаалт, хамгаалах хэрэгсэл, гар ариутгагчийн үйлдвэр/ зэргээр шийдэж байна.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө