ОХУ “Токио 2020” олимпийн наадамд оролцох боломжгүй болжээ

ОХУ “Токио 2020” олимпийн наадамд оролцох боломжгүй болжээ

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг өнгөрсөн онд ОХУ-ын баг тамирчдын олон улсын томоохон тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан билээ. ОХУ энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, CAS буюу Спортын арбитрын шүүхэд хандсан. Тэгвэл өчигдөр (2020.12.17) Спортын арбитрын шүүх мэдэгдэл хийж, ОХУ-ын дөрвөн жилийн хоригийг хоёр жил болгон бууруулжээ. Ийнхүү 2021 оны Токиогийн зуны олимп, 2022 оны Катарын хөлбөмбөгийн ДАШТ, 2022 оны Бээжингийн өвлийн олимпод ОХУ-ын төрийн дуулал эгшиглэхгүй болж байна.

Үүнээс гадна ОХУ-ын баг тамирчид ирэх 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл улсынхаа нэр, туг далбаа, төрийн дуулал дор олон улсын томоохон тэмцээн, уралдаануудад оролцох боломжгүй юм.

WADA-ийн ерөнхийлөгч Уитолд Банка мэдэгдэлдээ “WADA энэхүү чухал хэрэг дээр ялсандаа баяртай байна. Бид өмө нь энэ хэрэг дээр мөрдлөг явуулж ОХУ-ын эрх баригчид эрхээ мэдлээ хэтрүүлэн, Москва дахь допингийн лабораторийн үр дүнг хууль бусаар нуун дарагдуулдаг байсныг илрүүлсэн. Энэ хугацаанд ОХУ-аас байнгын эсэргүүцэл, дарамт ирж байсан ч бид өөрсдийн зохих журмын дагуу арга хэмжээ авч, өөрсдийнхөө зөв байсныг нотоллоо. Өнөөдрийн энэхүү шийдвэр бол цэвэр спорт, цэвэр баг тамирчдын төлөөх чухал үйл явдал байлаа” хэмээжээ.

ОХУ-ын талаас одоог хүртэл ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна. Хэрэв энэхүү допингийн хэрэгт холбоогүй гэдгээ нотолж чадвал ОХУ-ын баг тамирчид өөр улсын, эсвэл Олон улсын олимпийн хорооны далбаан дор олон улсын тэмцээн, уралдаанд оролцох эрхтэй.




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө