Б.Түвшин бүлгийн дарга болсноос хойш АН-ын бүлэг дэд даргаа сонгохдоо л нэг удаа ирцээ бүрдүүлжээ

Б.Түвшин бүлгийн дарга болсноос хойш АН-ын бүлэг дэд даргаа сонгохдоо л нэг удаа ирцээ бүрдүүлжээ

УИХ-ын гишүүн Б.Түвшин 2026 оны аравдугаар сарын 12-ны өдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдсон. Тус намын бүлэг даргаа сонгож чадалгүй 14 хоног болсон бөгөөд эцэст нь нууц санал хураалт явуулахад оролцсон 41 гишүүний 24 нь Б.Түвшинг дэмжсэн талаар тухайн үед мэдээлж байв.

Тэгвэл Б.Түвшинг бүлгийн даргаар сонгогдсоноос хойш АН-ын бүлгийн хуралдааны ирц бүрдэхгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 12-ноос хойш тус намын бүлэг зургаан удаа хуралдаж, тухайн хуралдаанаас гарсан шийдвэр, байр суурийг бүлгийн нэгдсэн шийдвэр мэтээр олон нийтэд мэдээлж байсан. Гэвч эдгээр зургаан удаагийн хуралдааны зөвхөн нэг удаа л ирц нь бүрдсэн байна. Тэр нь бүлгийн дэд дарга нарыг тодруулах асуудлыг хэлэлцсэн 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн хуралдаан бөгөөд бусад таван удаагийн хуралдаанд ирц хүрээгүй аж.

Тухайн үед бүлгийн дарга болон зарим гишүүн гадаад, орон нутгийн томилолттой холбоотой гэх тайлбарыг өгч ирсэн. Өөрөөр хэлбэл, дотооддоо эв нэгдэлтэй хэмээн мэдэгдэж буй АН-ын бүлэгт бодит байдал дээр зөрчил, хуваагдал гүнзгийрсэн байж болзошгүй байна. Цаашлаад бүлгийн хуралдаанаас гаргаж буй мэдэгдэл, байр суурийг нийт гишүүдийн нэгдсэн байр суурь гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Түүнчлэн бүлгийн гишүүдийн дунд Б.Түвшинг даргаараа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, улмаар бүлгийн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа эсэх асуудал ч анхаарал татаж байна.