Ерөнхийлөгчийн сонгууль бол харизма, танигдсан байдал, улс төрийн  зангарагийн тулаан

Ерөнхийлөгчийн сонгууль бол харизма, танигдсан байдал, улс төрийн зангарагийн тулаан

Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон ийнхүү наашиллаа. Хаврын анхны яргуй цухуйхтай зэрэгцэн шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж мэдэх нь. Өвлийн улс төрийн хүйтэн жавар дунд эхэлсэн энэ өрсөлдөөн хаврын эхэнтэй хамт тайлагдах магадлалтай. Сонгууль наашилна гэдэг зөвхөн хугацаа богиносож байгаа хэрэг биш. Улс төрийн намуудын дотоод тооцоо, нэр дэвшигчийн сонголт, сонгуулийн штабын бэлтгэл, олон нийтийн сэтгэл зүй, өрсөлдөгчийнхөө боломжийг судлах ажил бүгд шахуу хугацаанд өрнөх болно. Тиймээс энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас илүү хурдан, илүү гэнэтийн нүүдэлтэй, улс төрийн олон тооцоо зэрэг давхцсан өрсөлдөөн болох төлөвтэй.

УИХ-д суудалтай намуудын дунд нэр дэвших боломжтой хүмүүсийн тухай яриа аль хэдийн эхэлжээ. МАН-аас Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нарын нэр улс төрийн хүрээнд яригдаж байна. Гэхдээ нэр яригдаж байна гэдэг албан ёсоор нэр дэвшсэн гэсэн үг биш. Намын шийдвэр, дотоод өрсөлдөөн, улс төрийн тохироо эцсийн сонголтыг тодорхойлно.

Ардчилсан намаас Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, Д.Ганбат нар нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, намынхаа сонгон шалгаруулалтад оролцохоор мэдэгдсэн байна. Нөгөө талаар АН-ын дотоод сонголтод О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж зэрэг улс төрчдийн нэр ч яригдаж байгаа бөгөөд намын эцсийн шийдвэр гарсны дараа өрсөлдөөний бодит дүр зураг тодорно.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн тухай судалгаа, тандалт ч сонгуулийн өмнөх улс төрийн уур амьсгалыг тодорхой хэмжээнд харуулж байна. Үндэсний хэмжээний судалгаануудын заримд Г.Занданшатар, Н.Алтанхуяг нар нам тус бүрийн боломжит нэр дэвшигчдийн дунд өндөр үзүүлэлттэй гарсан тухай мэдээлжээ. National Opinion байгууллагын 2026 оны наймдугаар сарын судалгаанд МАН-аас нэр дэвшвэл Г.Занданшатарыг 22.7 хувь, С.Бямбацогтыг 10.23 хувь, Л.Энх-Амгаланг 5.06 хувь нь нэрлэсэн бол АН-аас Н.Алтанхуягийг 18.88 хувь, О.Цогтгэрэлийг 7.37 хувь, Х.Баттулгыг 5.72 хувь нь нэрлэжээ. Энэ бол сонгуулийн саналын эцсийн дүн биш, харин нам тус бүрээс хэнийг нэр дэвшвэл дэмжих тухай нээлттэй асуултын хариу. Тиймээс МАН, АН-ын үзүүлэлтүүдийг хооронд нь шууд харьцуулж, сонгуулийн ялагчийг урьдчилан тодорхойлох боломжгүй. Гэхдээ нам доторх нэр дэвшигчдийн эрэмбэ, олон нийтийн танигдалт, боломжит дэмжлэгийн талаар тодорхой зураг өгч байна.

Ерөнхийлөгчийн сонгууль бол харизма, улс орны хэмжээнд танигдсан байдал, олон нийтийн хүлээн зөвшөөрөл, улс төрийн зангарагийн тулаан. Харизма гэдэг нь бусдыг өөртөө соронз мэт татах чадвар, олон нийтийн итгэлийг өөртөө төвлөрүүлэх чанар юм. Намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан хүн, эсвэл нийгэмд асар их нөлөө бүхий хүн нэр дэвшихэд давуу талтай байдаг.

Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх таамаг, улс төрийн аналитик асуудлыг хөндөж байгаа цөөнгүй хүмүүс байна. Тэр дунд нэг хэсэг сөрөг хүчний эмэгтэйчүүдийн манлайлал байж, УИХ-ын гишүүн, сайдын албан тушаал хашиж, төрийн өндөр албан тушаалтнуудын зөвлөх, туслах хийж байсан Ц.Оюунгэрэлийн сүүлийн үед нийтэлж байгаа улс төрийн аналитик судалгаанууд олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэрээр “МАН-ын хувьд Г.Занданшатар нэр дэвших магадлал өндөр гэж олон хүн үзэж байна. УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бямбацогт нэр дэвшихгүйгээ албан ёсоор зарласнаар энэ таамаг улам хүчтэй болж байгаа юм. Б.Жавхлангийн нэр ч яригдаж байгаа боловч өөрөө албан ёсоор нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй. МАН судалгаа, тандалт дээр тулгуурлан сонгуулийн тактикаа боловсруулдаг нам. Олон нийтийн дэмжлэг хамгийн өндөр байгаа хүнээ биш, өөр хүнийг нэр дэвшүүлж, сонгуулийн өрсөлдөөнд эрсдэл үүсгэх нь намын хувьд хүнд шийдвэр байх болно. Г.Занданшатар бусад горилогчдоос олон нийтийн танигдалт, судалгааны үзүүлэлтээрээ илүү байгаа тухай хэд хэдэн судалгааны мэдээлэл гарсан. Тиймээс ижил тэнцүү хоёр нэр дэвшигч нүүр тулсан сонгууль л олон нийтийн анхаарлыг татаж, сонгогчдыг санал өгөхөд хүргэдэг" гэлээ.