ШУУРХАЙ МЭДЭЭ: Төрийн ордонд зорчсон МХЕГ-ын алба хаагчийн шинжилгээний хариу сөрөг гарсан уу

2021-01-08 17:08

ШУУРХАЙ МЭДЭЭ: Төрийн ордонд зорчсон МХЕГ-ын алба хаагчийн шинжилгээний хариу сөрөг гарсан уу

Төрийн ордонд явсан хүнээс түргэвчилсэн оношлуураар коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан тул PCR шинжилгээний хариу гартал тус ордонд хөл, хорио тогтоосон талаар бид мэдээлсэн. Энэхүү иргэн нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын албан хаагч байсан юм. 

Тус иргэн нь энэ сарын 25 –ны өдрөөс хойш “Мөнгөн гүүр” эмнэлгээр үйлчлүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл Төрийн ордонд зорчсон МХЕГ-ын алба хаагчийн PCR шинжилгээний хариу “сөрөг” гарсан байж болзошгүй байна. Мөн энэ үеэр МХЕГ-ын байранд тусгаарлагдаад байгаа иргэдийн хувийн мэдээллийг албаны хүмүүс авч эхэлсэн байна. Ингээд тэдэнд хандаж гадагш нь мэдээлэл дамжуулахгүй байхыг анхааруулж, хүмүүсийг тус байшингаас гаргаж эхэлжээ.  

Харин энэ талаар УОК болон ЭМЯ-наас албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна. Мөн зарим эх сурвалжууд, Төрийн ордонд МХЕГ-ын хоёр албан хаагч хамт зорчиж явсан бөгөөд тэдний нэг болох “хэлтсийн дарга”-ын албан тушаалтай нэг хүний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу эерэг гарсан гэж мэдээлж байгаа юм. 

2021-01-08 13:22

ШУУРХАЙ МЭДЭЭ: МХЕГ-ын байранд хөл хорио тогтоож, иргэдийн орох гарах хөдөлгөөнийг зогсоогоод байна

Хүн амын дунд гарсан коронавирус халдварын тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байж болзошгүй байна. Тухайлбал өчигдөр /2021.01.07/ “Мөнгөн гүүр” эмнэлгийн нэг ажилтан халдвар авсан байж болзошгүй байгаа тул, тус эмнэлгээр арван хоёрдугаар сарын 25-наас хойш үйлчлүүлсэн иргэд гэрт ойр байрлах цэгт яаралтай очиж шинжилгээнд хамрагдахыг анхааруулсан билээ.

Тэгвэл тус тохиолдлын хавьтагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-т байсан тул тус газарт яг одоо хөл хорио тогтоож, хүмүүсийн орж гарах хөдөлгөөний зогсоогоод байна.

Мөн 2 цагийн дараа тухайн хавьтагчийн PCR шинжилгээний хариу гарах тул энэ хүртэл хөдөлгөөнийг хязгаарласан гэж мэдэгджээ. 

Харин өнөөдөр төрийн ордонд нэвтэрсэн нэг хүний шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар “эерэг” гарсан тул тус газарт мөн хөл хориог тогтоосон талаар бид өнөөдөр мэдээлсэн. Тэгвэл тус иргэн нь МХЕГ-ын сэжигтэй албан хаагч төрийн ордонд ийнхүү зорчиж явсан тул хөл хорио тогтоожээ. 

2021-01-08 11:24

ШУУРХАЙ МЭДЭЭ: Төрийн ордонд сэжигтэй тохиолдол илэрч, ажилчдыг өрөөнөөс нь гаргахгүй байна

Төрийн ордны баруун хаалгаар нэвтрэх гэж байсан тус газарт ажилладаггүй иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсантай холбоотойгоор тус ордныг тусгаарлалтад авсан гэх мэдээлэл манай редакцид ирлээ. 

Яг одоо төрийн ордны хамгаалалтын албаныхан ажилчдыг амны хаалтаа зүүж, өрөөнөөсөө гарахгүй байхыг зөвлөмж байгаа аж. 

Төрийн тусгай обьектод нэвтэрсэн иргэнээс сэжигтэй тохиолдол илэрсэн учир PCR шинжилгээг яаралтай авч, хариуг даруйхан гаргахаар энэ үед албаныхан ажиллаж буй бололтой. Ойролцоогоор 3 цагийн дараа хариу гарч магадгүй байна.