Манай улс “Moderna”, “Pfizer” вакцинуудыг эмийн бүртгэлдээ бүртгэжээ

Манай улс “Moderna”, “Pfizer” вакцинуудыг эмийн бүртгэлдээ бүртгэжээ

Шинэ оны босгон дээр АНУ-д үйлдвэрлэсэн “Moderna” болон Герман /ХБНГУ/, АНУ-ын эрдэмтдийн хамтран бүтээсэн “Pfizer” вакцинуудын туршилт амжилттай болсон тул эм зүйд хэрэглэх зөвшөөрлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өгөөд буй. 

Харин ОХУ-ын эрдэмтдийн бүтээсэн Спутник V, БНХАУ-ын “Sinopharm” компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд хараахан зөвшөөрөл өгөөгүй байгаа юм. Гэтэл манай хоёр хөрш дотооддоо тус вакцинаа хэрэглэж эхэлсэн гэх мэдээлэл бий. 

Тэгвэл ДЭМБ-ын зөвшөөрсөн “Pfizer”, “Moderna” вакцинуудыг манай улс эмийн бүртгэлдээ түргэвчилсэн нөхцөлөөр саяхан бүртгэсэн. Иймд манай иргэд коронавирусийн эсрэг зөвхөн “Pfizer”, “Moderna” вакцинуудыг хэрэглэхээр болж байна. 

Сонирхуулахад, “KOBAKC” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон хэмээн ДЭМБ-ын суурин төлөөлөгч Диордица Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байдаг. Мөн вакцин оруулж ирэх ажлын хэсгийг ахалж буй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-аас манай улсад суугаа Элчин сайд Майкл С.Клеческитэй өнгөрөгч сар /2020.12.07/-д уулзах үеэрээ АНУ-д үйлдвэрлэсэн “Moderna” вакциныг худалдан авах, хурдан шуурхай тээвэрлэх талаар ярилцаж, санал солилцсон гэж буй. 

Харин саяхан Bloomberg “38 сая хүн амтай Канад улс 112 сая хүнийг хамруулах хэмжээний вакцин захиалж, дэлхийн улс орнуудыг захиалгын тоогоороо тэргүүлжээ. Харин Монгол улс 165 мянган хүнийг дархлаажуулах хэмжээний вакцин захиалаад байна. Энэ нь Монгол улсын нийт хүн амын 5 хувь болж байгаа юм” хэмээн мэдээлсэн билээ.