ТЕХНОЛОГИ: Эсгий гутлыг орчин үеийн загвартай болгон МОНГОЛД үйлдвэрлэж байна

ТЕХНОЛОГИ: Эсгий гутлыг орчин үеийн загвартай болгон МОНГОЛД үйлдвэрлэж байна

Аливаа улс орны хөгжил цэцэглэлт “Үндэсний үйлдвэрлэл”-ээс ихээхэн шалтгаалдаг. Учир нь үндэсний үйлдвэрлэлийг дагаж ажлын байр, орлого, эдийн засгийн тогтвортой байдал бий болдог. Сүүлийн жилүүдэд ч Монголчууд бид аль оронд үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, чанар муутай бүтээгдэхүүнээс татгалзаж, аль болох дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг эрмэлзэх болжээ.

Нөгөөтээгүүр энэ нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж буй баялаг бүтээгчдийн ач гавьяа билээ. Тэгвэл бид энэ удаад тэрхүү баялаг бүтээгчдийн нэг болох “Хүүгийн гутал” ХХК-ийг онцолж байна.

1994 он. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлд шилжээд удаагүй байсан үе. Н.Гансүх хэмээх залуу эхнэр Д.Цэрэннадмидын хамт гутлын үйлдвэрлэл эрхлэхээр зориг шулуудсан нь одоогийн “Хүүгийн гутал”-ын эхлэл байв. Эхнэр, нөхөр хоёрын асаасан “гал” бага багаар цуцал нэмж, үйлдвэрлэлээ томруулсаар 2011 онд компани болж өргөжжээ. Өдгөө тэрхүү “гал”-ыг ууган хүү Г.Алтанхуяг нь үргэлжлүүлэн “бадрааж” буй. Хүүгийн гутал гэж нэрийдсэн нь ч ийм учиртай аж.

“Хүүгийн гутал”ХХК 40 гаруй ажилтантайгаар 50 төрлийн гутал үйлдвэрлэж байна. Харин бидний энэ удаад онцолж буй бүтээгдэхүүн бол “Дөмөн” эсгий гутал. Эсгий гутал гэхэд хамгийн түрүүнд дээр үеийн дугуй хоншоортой, урт түрийтэй гутал санаанд тань бууж магад. Тэгвэл “Дөмөн” эсгий гутал нь нэхий дотортойгоос гадна орчин үеийн загвар дизайныг шингээсэн гэдгээрээ онцлог. Энгийн эсгий гутал дулаахан ч цасанд амархан норж, цоорч элэгддэг.

Харин “Хүүгийн гутал”-ын урлаачдын бүтээсэн тус эсгий гутал нь усанд нордоггүй, сайн чанарын эсгийгээр хийгддэг учраас энэ төрлийн асуудалд санаа зовох шаардлага гарахгүй гэнэ.

Энэ талаар Г.Алтанхуяг гуай “Монголд ид есийн хүйтэнд –40 хэм хүрдэг. Тиймээс бид Монголынхоо өвөлд тааруулж, "Дөмөн" эсгий гутлыг бүтээсэн. Энэ гутлыг ихэвчлэн гадаа олон цагаар ажилладаг хүмүүс худалдан авдаг. Нэхий дотортой, сайн чанарын эсгийгээр хийгдсэн учраас годон гутлаас ч дулаахан” гэсэн юм.

Түүнчлэн нэхий нь цэвэр монгол хониных аж. Монголчуудын өвлийн улиралд ихээр өмсдөг “UGG” брэндийн гуталнууд нь Австралийн өвлийн улиралд өмсөхөд зориулан бүтээгдсэн байдаг тул нэхий дотор нь хүйтнээс тийм ч сайн хамгаалж чаддаггүй байна. Харин монгол нэхий нь хүйтэн, дулааныг маш сайн тусгаарлаж чаддагаараа давуу талтай.

“Хүүгийн гутал” ХХК 21 аймагт салбартай бөгөөд сүүлийн жилүүдэд гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар ажиллаж эхэлжээ. Тодруулбал, Хөх хот, ОХУ-ын Тува, Казахстан улсууд руу бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн бөгөөд одоогоор цар тахлын улмаас түр хугацаагаар зогсоогоод байгаа юм байна.

Монголын эрс тэс уур амьсгал, Монгол хүний онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчид л хамгийн сайнаар урлаж чадна. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодод ажлын байр бий болгон хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хийхээр хөдөлмөрлөж буй “Хүүгийн гутал” компанийн баялаг бүтээгчдийг бид танилцууллаа.




МАН-ын бүлэг хаалттай хуралджээ

15 цагийн өмнө

Шуурхай мэдээ