Индонезод осолдсон онгоцны хар хайрцгийн байршлыг тогтоожээ

Индонезод осолдсон онгоцны хар хайрцгийн байршлыг тогтоожээ

Энэ сарын 9-ны өдөр Жакартагаас хөөрсөн Индонезын иргэний нислэгийн “Sriwijaya Air Boeing 737” нисэх  онгоц далайд унан осолдож 60 гаруй хүн амиа алдсан харамсалтай явдал болсон билээ. Эрлийн үйл ажиллагааг өчигдрөөс эхлүүлсэн бөгөөд онгоцны унасан байршлыг тогтоогоод байсан юм.

Тодруулбал, онгоцноос ирсэн дохионы дагуу мөрдлөг хийж, одоо 10 гаруй хөлөг онгоц усан цэргийн шумбагчидтай эрэн хайх үйл ажиллагааг явуулахад хүмүүсийн ачаа тээш, хувцас хэрэглэл далайн гадарга дээр хөвж гарч ирсэн байсныг олжээ. Мөн мөрдөн байцаагчид нисэх онгоцны сэг байсан гэж үзэж буй эд зүйл, дугуй, онгоцны их биеийн хэсэг байх магадлалтай зүйлсэд шинжилгээ хийж эхэлсэн байна.

Үүнээс гадна онгоцны хэсгүүд болон зорчигчдын цогцсыг олсон аврагчид онгоцны хар хайрцгуудын байршлыг тогтоосон гэдгээ зарлажээ. Өнөөдөр эрж хайх ажлыг дахин эхлүүлснээр шумбагчид бичлэгийн хоёр хайрцгийг олж чадна гэдэгт итгэлтэй байна гэж Индонезийн Тээврийн аюулгүй байдлын хорооноос мэдээлсэн байна. Хар хайрцгуудыг олсноор ослын талаар мөрдлөг шалгалтын явцыг хурдасгах чухал мэдээллийг олж чадах юм.

Эх сурвалж: BBC