ТОВЧ ТОЙМ: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн НОЦТОЙ ЗААЛТУУД

ТОВЧ ТОЙМ: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн НОЦТОЙ ЗААЛТУУД

МАН-ын УИХ-ын 64 гишүүнээс өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн барьсан саналтай харьцуулан судлах, яг аль заалтыг Үндсэн хуульд оруулж УИХ-аар хэлэлцүүлэх эсэхийг тодорхой болгох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсгийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахалж байгаа юм. Тэд наймдугаар сарын 09-ны  өдрийг хүртэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр зөвшилцөж саналаа нэгтгэх ёстой.

Ажлын хэсгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар энэ сарын 22-26-ны /2019.07.22-26/ өдрүүдэд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Манай улс ардчилсан нийгэмтэй, иргэд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, парламентын засаглалтай сайн, муу ч олуулаа хэлэлцээд шийдвэр гаргадаг тогтолцоотой. Тэгэхээр энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт нь ардчилсан нийгмийн үнэ цэнэ, иргэний эрх, эрх чөлөө, парламентын засаглалын суурийг ганхуулж, системийг гэмтээх чиглэлд байж болохгүй юм. Гэтэл ардчилал, хүний эрх, парламентын засаглалын дархлааг сулруулах хэд, хэдэн НОЦТОЙ заалт Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын 64 гишүүнээс өргөн барьсан ТӨСӨЛД байна.

Тухайлбал,

6.2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.

ТАЙЛБАР: МАН-ын 64 гишүүний боловсруулсан дээрх заалт нь Монголын улсын газрын хэвлийн баялаг, ой, усны нөөц, ан амьтныг ард түмний мэдлээс гаргаж төрийн өмчид авч байна. Ингэснээр цаашид томоохон баялагтай ордуудын талаар шийдвэр гаргахдаа ард түмнээс асуухгүй баялгаас олох хөрөнгөөс иргэдэд хувь олгохгүй зөвхөн эрх баригч авахаар нөхцөл байдал үүсч мэднэ.

21.1.Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор тус, тус сонгоно.

22.2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал тарна.

39.1 Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч үл болно.

ТАЙЛБАР: Улс төрийн намууд зөвшилцөж, Засгийн газраа байгуулах боломжийг бүрдүүлэхгүй бол ганцхан Ерөнхий сайд “давхар дээл”-тэй байна гэсэн заалтыг хатуу хийж өгвөл маш их эрсдэлтэй гэж хууль Б.Энхбаяр ярьжээ. Тэрбээр “Аль ч нам олонх болохгүй тохиолдолд улс төрийн намууд Засгийн газраа бүрдүүлэхийн тулд Засгийн газраа тэлээд 10 яам биш 20  яам байгуулах нэг дэд сайд биш хоёр, гурван дэд сайдтай болохыг ч үгүйсгэхгүй. Засгийн газарт бүх намын төлөөллийг оруулах байдлаар бүр том данхар Засгийн газар байгуулах эрсдэл гарч ирнэ. Тиймээс цомхон чадварлаг Засгийн газар байгуулах мөн зөвшилцлийн Засгийн газар байгуулах нөхцөлийг тооцоолох ёстой. Олон нам Засгийн газарт суудал авч чадахгүй, тохирч чадахгүй Ерөнхий сайдаа ч томилж чадахгүй, УИХ тарах улс төрийн тогтворгүй байдлын эрсдэл хүртэл байгаа. 

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэж байгаа тохиолдолд зөхөн Ерөнхий сайдыг “давхар дээл”-тэй байна гэж заавал хамтад нь сонгуулийн тогтолцоог шийдэх ёстой. Холимог тогтолцоо хэрвээ орж ирсэн тохиолдолд Ерөнхий сайд “давхар дээл”-тэй байна гэдэг заалтыг хийж болно. Намууд жагсаалтаараа буюу сонгуульд орохдоо Засгийн газраа эхний 15 дээр бичсэн хүмүүсээрээ зарлачихна гэсэн үг. Эхний 15-д байгаа нэр дэвшигчид Засгийн газрын гишүүн болно гэдгээ зарлаж байгаа явдал. Нэг үгээр хэлбэл, сонгуулийн холимог тогтолцоотой үед л Ерөнхий сайд ганцаараа “давхар дээл”-тэй байна гэсэн заалт хэрэгжинэ. Холимог тогтолцоогоо хамтад нь шийдэхгүй бол энэ заалт улам улс төрийн хямрал руу түлхэнэ” гэжээ.

43.1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно. Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл байдал үүссэнээс хойш 30 хоногийн дотор томилж чадахгүй бол УИХ тарна.

ТАЙЛБАР: Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл байдал үүссэнээс хойш гэдэг заалтад маш олон нөхцөл орж болно. Тухайлбал, нас барсан, хүнд өвчтэй байсан хугацаа нь орох байх. Ерөнхий сайд маш хүндээр өвдөөд сэхээнд орчихвол яах вэ. 30 хоног байтугай олон сараар комд орчихвол яах вэ. Тэгэхээр сэхээнд орсон өдрөөс нь эхлэн 30 хоногийг тоолж эхлэх юм уу, эмчийн дүгнэлт гарсанаас хойш 30 хоногийг тоолох юм уу. Үнэхээр найдваргүй болчихлоо гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарснаас эхлэн тоолох юм уу. Анх өвдсөн өдрөөс нь эхлэн тооллоо гэж бодоход эдгэрэхийг нь хүлээгээд 30 хонож байсан чинь УИХ тарах нөхцөл байдал үүсэх юм уу. Ер нь нэг хүн хүндээр өвдсөнөөс болж парламент тарж болох юм уу. Түүнчлэн УИХ-д хэн нь ч олонх болж чадаагүй, нэг нам дангаараа Засгийн газраа байгуулах боломжоо алдсан улс төрийн нөхцөлд зориуд Ерөнхий сайдыг томилохгүй саад учруулж байгаад 30 хоногийг нь өнгөрөөж УИХ-ыг тараагаад дахин сонгууль явуулах сонирхлыг цөөнх аргавал яах вэ.

ТАЙЛБАР ХОЁР: 108 гишүүний дөрөвний нэг буюу зөвхөн 27 гишүүний саналаар л Засгийн газрыг огцруулж болохоор нөхцөл байдал үүсэхээр байна. Энэ нь парламентын төлөвшил, Засгийн газрын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө. Хэрвээ УИХ 108 гишүүнтэй болбол түүний маш цөөн буюу 27 гишүүнээр Засгийн газрыг огцруулж, бүрдүүлээд байх нь хэр зохимжтой вэ гэх мэтчилэн ноцтой олон заалтууд байна.




ШУУД: ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна

22 цагийн өмнө

Шуурхай мэдээ