Б.Пүрэв: Н.Дэмбэрэл захирлын Ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлагыг үзээд үнэхээр урам хугарсан

Б.Пүрэв: Н.Дэмбэрэл захирлын Ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлагыг үзээд үнэхээр урам хугарсан

ММ агентлагчийн сэтгүүлч Б.Пүрэвтэй МҮОНРТ-д болж буй үйл явдлын талаар ярилцлаа. Олон нийтийн статустай, ард түмний өмчлөл дэхь Монголын үндэсний мэдээ, мэдээллийн хамгийн чухал байгууллагад чухам ямар үйл явдал болсон, захирал, ажилчдын хэн нь хууль, журам зөрчөөд буйг тэрбээр тодорхой тайлбарласан юм. Мөн санхүүгийн асуудал, захирлуудын үйл ажиллагаа, редакцийн хараат бус байдалд улс төрчид хэрхэн оролцдог, шинэ захирлыг хүлээн зөвшөөрөх эсэх гэх мэт асуудлаар ярилцав.

СОНСОХ 1:

СОНСОХ 2:

-Ч.БАТЦЭНГЭЛ ЗАХИРАЛ УИХ-Д БОЛОН АРД ТҮМЭНД ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН.
ТЭР ОДОО Ч АЖЛАА ХИЙЖ БАЙГАА-

-Та бүхэн Захирлуудын зөвлөл, Үндэсний зөвлөлийнхөө үйл ажиллагааг эсэргүүцэж огцрохыг шаардаж тэмцсэн цаг есдүгээр сар. Түүнээс хойш олон үйл явдал өрнөлөө. Хоёулаа цэгцтэй ярилцъя. Та бүхний тавьсан шаардлагыг 100 хувь хүлээж авч Захирал болон Үндэсний зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон уу. Миний мэдэхийн бүгд огцроогүй санагдаад байна. Гэтэл та бүхний тэмцлийн эрч суларчихсан?  

-Ер нь бүх үйл ажиллагаа есдүгээр сараас эхэлсэн. Үүнээс өмнөх 2-3 жилд гарсан асуудлууд хуримтлагдсаар, хуримтлагдсаар есдүгээр сард хүмүүсийг нэгтгэж чадсан юм. Манайд телевизийн тав, радиогийн гурван суваг ажиллаж байна. Энэ найман нэгжээс төлөөлж ажилчид нэгдээд “Одоо ярихгүй бол болохгүй нь” гэж л үзсэн. Үүнд би яагаад орсон бэ гэхээр редакцийн хараат бус байдалтай шууд хамааралтай. Л.Нинжжамц захирлын үед ММ агентлагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн мэдээнүүд маш их цензур, шахалт, дарамтад ордог байлаа. Үүнд би их бухимдаж явдаг байсан. Тиймээс нэгэнт хүмүүс нэгдэж буй юм бол би оролцож редакцийн хараат бус байдлаа хамгаалъя гэж шийдсэн. Үүнээс хойш дөрвөн сар өнгөрсөн байна. Бидний тэмцэл дунд маш олон үйл явдал өрнөлөө.  Шинэ захирал ч томилогдлоо. Маш их хүлээлтээр томилогдсон Ерөнхий захирал маань дөнгөж томилогдсон даруйдаа яг дөрвөн сарын өмнө бид нарын ярьж, шүүмжилж явсан алдааг гаргаж байна. Өөрөөр хэлбэл, редакцийн хараат бус байдалд нөлөөлж байна. Тийм учраас бид зогсолтгүйгээр өмнөх асуудлуудыг дахин гарган ярьж байгаа  юм.

-МҮОНРТ-ийн шинэ захирал Н.Дэмбэрэлийн талаар хоёулаа эргээд ярина. Таны ярианаас дүгнэхэд шинэ захирал томилогдлоо гээд та бүхэн тэмцлээ сулруулах бодолгүй юм байна. Тэгвэл өмнөх Захирлуудын зөвлөл, Үндэсний зөвлөл та бүхний шаардлагыг хүлээн авч бүрэн, бүрэлдэхүүнээрээ огцорсон уу?

-Огцроогүй. Бидний тавьсан гол шаардлага бол 13-14 хүнтэй захирлуудын зөвлөлийг огцруулах. Ерөнхий захирал Л.Нинжжамц огцорсон. Бидний тэмцэл, шаардлага идэвхжих үед Үндэсний зөвлөл түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Нэг жишээ хэлэхэд, Ерөнхий сайд огцроход танхимынх нь бусад бүх сайд нар огцордог биз дээ. Үгүй ядаж өөрөө өргөдлөө өгдөг хамгийн энгийн ёс зүй бий  биз дээ. Гэтэл өнөөдрийг хүртэлх дөрвөн сарын хугацаанд захирлууд ажлаа өгөөгүй. “MNB Word” сувгийн захирал н.Тэгшжаргал өргөдлөө өгсөн. Мөн “MNB Гэр бүл” сувгийн захирал өргөдлөө өгнө гэж байсан. Өгсөн, өгөөгүйг нь мэдэхгүй байна. Бусад захирал нь өргөдлөө өгөөгүй. МҮОНТ-ийн захирал Ч.Батцэнгэл ажлаа хүлээлгэн өгнө гэж байсан ч одоог хүртэл хийж байна. Тэр бүү хэл Үндэсний зөвлөлд нэрээ дэвшүүлсэн. Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар томилох үед УИХ-ын гишүүд Ч.Батцэнгэл захирлаас “Та ажлаа өгсөн юм уу. Өгчхөөд Үндэсний зөвлөлд нэрээ дэвшүүлж байна уу” гэж асуусан. Тэрбээр гишүүдийн асуултад хариулахдаа “Би ажлаа хүлээлгэн өгсөн” гэж хэлсэн. Гэтэл тэр үед энэ хүн ажлаа өгөөгүй байсан өнөөдөр ч хийж л байна.

Тэгэхээр УИХ-ын гишүүдэд болон хуралдааныг үзэж буй ард түмэнд худал мэдээлэл өгсөн.

-10 ХОНОГИЙН ДАРАА БУУХ ГЭЖ БАЙСАН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ЯАРАН,
САНДРАН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ТОМИЛГООГ ХИЙСЭН-

-Тэмцэл тань үр дүнд хүрээгүй. Гэтэл жагсаал, тэмцэл гэх зуурт улс төрийн томилгоо дахин хийгдэж дараагийн ерөнхий захирал Н.Дэмбэрэл томилогдсон. МАН-ын PR –чин танай байгууллагын ерөнхий захирлаар томилогдлоо. Тэгвэл энэ хүн ямар үйл явцаар ерөнхий захиралд томилогдчихов?

-Бидний тавьсан эхний шаардлага Захирлуудын зөвлөлийг огцруулах байсан. Гэтэл уг зөвлөлийн 80 хувь нь ажлаа хийж байна. Цаашлаад манай хуулийг сахиулах үүрэгтэй 15 гишүүнтэй Үндэсний зөвлөлийг ч огцрохыг шаардсан. Энэ шаардлагыг нь хүлээж авч хэрэгжүүлээгүй. Харин Үндэсний зөвлөлийн 15 гишүүнээс долоо нь ажлаа өгсөн. Угаасаа  гэрээний хугацаа нь дуусч байсан.  Оронд нь УИХ-аас шинэ гишүүдийг сая томилсон. Тэгэхээр бидний шаардсаны дагуу бүрэн, бүрэлдэхүүнээрээ огцроогүй гэсэн үг. Ингээд нэг, хоёрдугаар шаардлагыг биелүүлээгүй. Сая УИХ-аас томилж 50 хувийг нь шинэчилсэн Үндэсний зөвлөл нэгдүгээр сарын 1-ээс ажлаа эхлэх ёстой байсан.

Гэтэл үүнээс арав хүрэхгүй хоногийн өмнө ажлаа өгөөд буух гэж буй хуучин Үндэсний зөвлөл яаран, сандран хуралдаж ерөнхий захирлын томилгоог хийсэн. 10 хоногийн дараа буух гэж буй Үндэсний зөвлөл шинэ захирлынхаа ажлыг дүгнэх, гэрээг хянах боломжгүй шүү дээ. Зүгээр л сонгочихоод буугаад явчихсан.

-Хууль зөрчиж Н.Дэмбэрэлийг томилсон юм уу?

-521 ажилтан болон “Зориг сан”, “Глоб интернэшнл”, “Эмнести интернэшнл”, “Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ, “Нээлттэй нийгэм форум” зэрэг иргэний нийгмийн 28 байгууллагаас Үндэсний зөвлөлд шаардлага хүргүүлсэн байсан. Тус шаардлагад ерөнхий захирлын томилгоог олон нийтэд нээлттэй явуул гэж тусгасан. Бидний зүгээс ч мөн ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулаач ээ гэж шаардаж байсан. Учир нь манай байгууллага олон нийтийн статустай. Нууж, хаах зүйл юу ч байх ёсгүй. Тиймээс нээлттэй сонгон шалгаруулалт маш чухал. Ерөнхий захирлын албан тушаалд өрсөлдөж буй хүмүүсийн хэн нь хэн бэ, юу ярьж байна вэ, ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж байна гэдгийг нээлттэй мэдээлж бодлогын  мэтгэлцээнийг хийх ёстой юм. Ингэснээр тухайн хүний зан төлөв, хандлага нь мэдэгдэнэ. Нээлттэй мэтгэлцвэл олон нийт өөрийнхөө өмч дээр хэн ерөнхий захирлаар томилогдохыг олж харна. Бидний зүгээс ийм шаардлага тавьтал хүлээж аваагүй. Бүр ерөнхий захирлыг сонгох Үндэсний зөвлөлийн хуралдаа ч оруулаагүй.

-Та  бүхнийг хуралд оруулах санал тавьсан ч бүгдээрээ орно, шууд дамжуулалт хийнэ гэж шаардсан гэх мэдээлэл байсан?

-Үндэсний зөвлөлийн уг хурал хаалттай хаалганы цаана болсон. Бид хуралд оролцож дээрх шаардлагаа тавих гэж оролдсон. Гэтэл манай байгууллагыг хамгаалдаг дотоодын цэргийн ангийнханд үүрэг өгснөөр хамт олны зөвлөлийн төлөөллийг хүчээр гаргасан. Гадаа нь коридорт зогсож байя гэж хэлэхэд мөн л хүчээр тараасан. Ингээд хаалттай хаалганы цаанаас Н.Дэмбэрэл гэдэг нэр дэвшигч томилогджээ.

Энэ хүн бол хаалттай хаалганы цаана хуйвалдааны шинжтэй хуралдаанаас томилогдсон. Тиймээс сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах ёстой. Ингэхдээ шинэ оны эхнээс шинээр бүрэлдэх Үндэсний зөвлөлийн хурлаар сонгох ёстой. Мөн нээлттэй сонгон шалгаруулалт хийх ёстой гэж зарчмын хувьд үзсэн.

-Өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд та бүхэн шинэ захиралтайгаа уулзсан уу. Уулзаж ойлголцох цаашид хэрхэн ажиллахаа ярилцах ёстой байх?

-Уулзаагүй. Нээлттэй сонгон шалгаруулалтаар дахин Н.Дэмбэрэл томилогдвол хүлээн зөвшөөрнө. Дэмбэрэл, Сүмбэрэл, Дорж, Дулмаа хэн байх нь хамаагүй. Зөвхөн сонгон шалгаруулалтын арга нь нийгмийн болоод ажилчдын төлөөллийн шаардсанаар байг  гэж байгаа юм. Би Н.Дэмбэрэл гэдэг хүнийг танихгүй. Ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлагынх нь талаар ярилцаж өчигдөр анх удаа уулзлаа.

Бидний хувьд Шинэ Үндэсний зөвлөлийн анхны хуралдаанд оролцож шаардлагаа танилцуулсан. Тав хоногийн дотор хариугаа өгөхийг хүссэн.

Шаардлага тодорхой, нээлттэй сонгон шалгаруулалтаар захирлыг дахин сонгох. 600 студи болон телевизийн эфирийг ашиглаад бид нээлттэй сонгон шалгаруулалтыг хийж болно. Үгүй ядаж нийгмийн сүлжээнд шууд дамжуулалт хийж сонгон шалгаруулалтыг хийгээд ажиглагчаар биднийг оролцуулаач ээ гэсэн.

Бид дотоод хэрэгт оролцохгүй, шийдвэрт нөлөөлөхгүй зүгээр л ажиглагчаар оролцоно. Олон нийтэд хүргэнэ. Нээлттэй сонгон шалгаруулалт манай байгууллагын хууль, журамд бий. Бүр “Нийтэд ил тод байна” гээд үг үсгээрээ бий. Ийм зарчмын шаардлагыг манай шинэ Үндэсний зөвлөл хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй байна. Маргааш шаардлагын хариуг өгөх ёстой.

-Н.ДЭМБЭРЭЛ ХААЛТТАЙ ХААЛГАНЫ ЦААНА ХУЙВАЛДААНЫ ШИНЖТЭЙ ХУРАЛДААНААС ТОМИЛОГДСОН. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ-

-Л.Нинжжамц гэдэг захирлыг огцрохыг шаардаж байх үед олон нийтийн дунд нэг яриа гарсан. Тодруулбал, одоогийн шинэ захирал Н.Дэмбэрэл та бүхнийг зохион байгуулалтад оруулж Л.Нинжжамцыг огцруулахаар ажиллуулсан гэсэн. Тэгээд тэр үед хөшигний ард яригдаж байсан захирал одоо томилогдсон байна. Өнөөдөр Н.Дэмбэрэл болон та бүхэн бие, биедээ дургүй болж жүжиглээд байгаа юм биш үү дээ?

-Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хүн итгэхийн аргагүй гүтгэлгээр бидэн рүү дайрсан. Мөнгө авсан, цаана нь тийм хүн бий гэх мэтээр ярьж байсан. Энэ нь бидний хүчийг сулруулж, хамт олны дунд эргэлзээ төрүүлж, хагалан бутаргах, нэгдмэл байдлыг арилгах л арга юм. Манай байгууллага 800 орчим хүнтэй. Энэ хүмүүс бүгд өөр, өөр бодолтой. Н.Дэмбэрэл гэдэг хүнийг МАН-д ажиллаж байсан гэдгээр нь дургүй хүлээж авах нэг хэсэг бий. Миний хувьд Н.Дэмбэрэл нээлттэй сонгон шалгаруулалтаар дахин гарч ирвэл хамаа алга ажиллаад үзэг гэж бодож байна.

Залуу хүн, хэвлэл мэдээллийн байгууллагад ажилласан туршлагатай, улс төрийн дэмжлэгтэй учраас ажиллаад үзэг гэж бодож байгаа юм. Ний, нуугүй хэлэхэд улс төрийн дэмжлэггүй хүн одоогийн хуулиар энэ байгууллагыг удирдах боломжгүй. Хараат хуулиар шүү дээ. Хууль шинэчлэгдэх хүртэл энэ хүн ажиллаж болох юм гэж харж байсан. Нэг их эсэргүүцээгүй. Гэхдээ нээлттэй сонгон шалгаруулалт явуулах ёстой. Тэр хүртэл энэ хүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

-Яг үнэн. МҮОНРТ-ийн одоогийн хуулийг шинэчлэхгүй юм бол хичнээн дарга солиод ч нэмэргүй. Тэгэхээр хуулиа өөрчлөх та бүхний ажил хаана, аль шатандаа явж байна?

Үндэсний зөвлөл, Захирлуудын зөвлөл нь биднийг сонсохгүй юм бол одоо хэрэгжиж буй хуулиа шинэчилье гэж шийдэн ажиллаж эхэлсэн. Хуулиа шинэчлэхгүй юм бол хад руу хашхирч байгаатай адил юм байна гэж үзсэн. Нэг таатай мэдээ бий. УИХ-ын дарга Г.Занданшатар МҮОНРТ-ийн хуулийг шинэчлэх ажлын хэсгийг байгуулах захирамж гаргасан. Энэ захирамжийн дагуу ажлын хэсэг яаралтай ажилдаа орох үүрэг чиглэлтэй байгаа.  Төрийн байгуулалтын байнгын хороо уг ажлын хэсгийг хэрхэн байгуулж байгаа болон манай хамт олны зөвлөлийн төлөөллийг оруулах эсэх, хуулийг хэрхэн, яаж шинэчлэхийг бид одоохондоо мэдээгүй байна.

-МҮОНРТ-ИЙН ЭФИР Н.ДЭМБЭРЭЛИЙН ӨМЧ БИШ. ГАДНЫ СТУДИЙГ АЖИЛЛУУЛЖ ӨӨРИЙНХӨӨ УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ГОЛСОН-

-Шинэ захирал тань томилогдоод 20 хонож буй мөртлөө МҮОНРТ-ийн хуулийг зөрчөөд Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцаад бужигнуулж өглөө. Ингэхдээ маш сул, мэргэжлийн бус ярилцлага хийж олон нийтийн шүүмжлэлд нэлээн өртлөө. Үүнд та бүхэн ямар байр, суурьтай байгаа вэ?

-Шинэ захирал маань хамгийн анхны ажлаа хийлээ. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярилцсан ярилцлага байв. Ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлагыг үзээд үнэхээр урам хугарсан. Энэ хүний хандлага өмнөх захирлын санаатай, санамсаргүйгээр гаргадаг байсан алдааг давтсан. Тиймээс тэмцэл эхэлсэн үе рүү биднийг дахин татаад оруулаад ирлээ. Телевизийн I, II сувгийн батлагдсан программыг шууд эвдэж Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцсан. Эфирт гарч буй нэвтрүүлгийг таслаад орж ирсэн. Яагаад ийм үйлдэл хийснийг нь өчигдөр би өөрөөс нь асуусан. Тэгэхэд “Монгол улсын хамгийн том эх сурвалж Ерөнхийлөгч учраас шууд гаргах ёстой” гэсэн байр, суурийг илэрхийлж байна лээ.

Үгүй ээ. Энэ байгууллага бол хараат бус бие даасан олон нийтийн статустай. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэнбугай ч бай хуулиар хамгаалагдсан редакцийн хараат бус байдалд оролцох, нөлөөлөхийг хориглоно гэж манай байгууллагын хуулийн 5.1-т заасан. Эфирийн хууль жирийн ажилтан бидэнд маш хатуу мөрдөгддөг.

Түүнийг зөрчвөл шууд ажлаасаа халагдана. Тийм өндөр соёлтой. Энэ бол үйлдвэр юм. Даргад дарга нар үйлчлэх ёстой, дээдлэх ёстой гэсэн хандлага бий болжээ. Өөрийнхөө удирдаж буй телевизээр эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийгөө гаргаж байна. Эфирийн цаг, минутыг өөртөө зарцуулна гэдэг шууд эрх ашгийн зөрчил. Ёс зүй талаас нь үзвэл байж болохгүй үйлдэл. Манай байгууллагын журамд Ерөнхий захирлын бүрэн эрх гэж найман зүйл бий. Түүн дотор нэвтрүүлэг хөтөлнө, уран бүтээл контент хийнэ гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй.

Мөн дөнгөж шинээр томилогдсон захирал маань хамт олноо үнэлээгүй. МҮОНРТ-ийн 600-ийн студид Ерөнхийлөгчтэй ярилцахдаа гадны студийн зураглаач, найруулагчийг нь ажиллуулсан. МҮОНРТ-ээс зөвхөн ганцаараа л орж ажилласан. Өөрийнхөө удирдаж буй байгууллагынхаа уран бүтээлчдийг оруулаагүй. Өмнө нь манай байгууллагад энэ төрлийн олон ярилцлага хийгдэж байсан. Дандаа л манай уран бүтээлчид ажиллаж байсан. Анхнаасаа хамт олноо үнэлээгүй эхэлсэн хүн цаашид яаж хамтарч ажиллах юм мэдэхгүй байна. Мөн манай контент буюу Ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлага яагаад өөр телевизээр гарав аа гэдэг асуудал байна. Энэ тухай Н.Дэмбэрэл захирлаас асуухад “Мэдэхгүй” гэж хариулсан. Анхнаасаа студитэй тохирч, хамтарч ажиллачихаад өөр телевизээр гаргаж болохгүй гэдгийг яагаад хэлээгүй вэ гэдэг нь анхаарал татаж байна. Энэ бол энгийн шалгуур шүү дээ. Контент өмчлөл, зохиогчийн эрхийн асуудал. Олон нийтийн радио, телевизийн бие даасан байгууллагынн уран бүтээлийг улс төрийн зорилгоор PR-ийн шинжтэй ашиглахад хатуу хандах ёстой. Үүний цаана тархи угаалт яваад байна. Эфир болон Н.Дэмбэрэл болон тухайн студийн өмч биш. Олон нийтийн өмч. Хүмүүс үүнд дүгнэлтээ хийнэ биз ээ.

-Тэгэхээр цаашид та бүхэн энэ захирлаа хүлээн зөвшөөрөөд ажиллах юм уу?

-Бид нар тэмцлээ зогсоох нь буруу гэж үзэж байгаа. Тэмцээд л байвал олон нийт баярлах ёстой юм. Учир нь Монголд нэг ч гэсэн байгууллагад зөв, шударга зарчим тогтоож, олон нийтэд хяналтыг нь өгүүлэхээр тэмцэж байна шүү дээ. Үүнийг зөвөөр ойлгоосой гэж хүсч байна. Хэвлэлийн байгууллага амаа үдүүлбэл бусад байгууллагад цаашид ийм үйл ажиллагаа явагдахгүй ээ. Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэж үг бий. Тиймээс би өөрт хамгийн ойр асуудлаа шийдэхийн тулд оролцоод явж байгаа юм. Бидний тавьсан шаардлагын дагуу энд цонх нээгдэж, зөв зарчим нутагшиж чадвал сайчуул нь орж ирээд ажиллаг. Цаашлаад хуулиа шинэчилбэл олон улсын жишиг рүү явах юм.

-10 ТЭРБУМ ТӨГРӨГ ЮУНД ЗАРЦУУЛАГДДАГИЙГ МЭДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА-

-Олон нийтээс санхүүждэг, олон нийтийн статустай байгууллага мөртлөө сайн бүтээл хийдэггүй, улс төрчдийн захиалгаар ажилладаг учраас МҮОНРТ-ийг татан буулга гэх шүүмжлэл их яригддаг. Үүнд та ямар байр, суурьтай байдаг вэ?

-Манай хэвлэлийн байгууллагынхнаас ийм шүүмжлэл их ирдэг. Татан буулгаж болохгүй. Бид нар ажлаасаа халагдлаа гэхэд өөр хүмүүс ирж ажиллана. Би ч өөр ажил хийчихнэ. Гэхдээ энд болохгүй байгаа учраас үйл явц буцлаад байгаа юм. Хэрвээ зөв болчихвол ийм тэмцэл болохгүй шүү дээ. Жишээ нь өөр телевизэд ийм бослого, тэмцэл болж байсан түүх бий юу. Статус нь өөр учраас энд олон нийтийн төлөөх үйл ажиллагаа болоод байгаа юм. МҮОНРТ хэн нэгэн хүний өмч биш олон нийтийн мэдлийнх учраас бид төлөөлж ингэж засч, сайжруулахаар ажиллаж байгаа юм. Манай байгууллага жилдээ 15-20 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй. Бид нар нарийн судлаад үзвэл энэ төсвийн 50 хувь нь үйл ажиллагаандаа зарцуулагддаг юм байна. Үлдсэн 50 хувь нь юунд зарцуулдгийг мэдэж чадахгүй байна. Маш их мөнгө байгаа биз. Бид МҮОНРТ-ийн ажилчдынхаа санал, гомдлыг авсан юм. Гэхдээ ажилчид нэрээ нууцалж санал, гомдлоо өгсөн. Тэр дунд ажлын байрны бэлгийн дарамт хүртэл бүртгэгдсэн. Тиймээс бид тэр өргөдлийг Хүний эрхийн үндэсний комисст өгсөн. Хүний эрхийн үндэсний комисс манай байгууллагад ирж шалгалт хийж, оны өмнө дүгнэлтээ гарган шаардлага ирүүлсэн. Шаардлагад “Үндсэн хуулийн зөрчил хүртэл байна.Эдгээр зөрчлүүдээ арилгахгүй бол хуулийн хариуцлагатай” гэсэн агуулгатай бичгийг ирүүлсэн.

Тэр дунд бид нарын ярьдаг тагнаж, чагнадаг камерын тухай, цалинг нийтээр нь дайчилж авдаг гэх мэт асуудлууд багтсан байсан. Энэ Хүний эрхийн үндэсний комисс гэдэг ганц байгууллагын шалгалт. Одоо бид олон улсын болон төрийн аудитын шалгалт, Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын байгууллагыг ажиллуулахыг хүсч байгаа юм.

Тэгэхгүй бол татвар төлөгчдийн мөнгийг яаж зарцуулаад байгаа нь тодорхойгүй байна. Хардалт, сэрдэлт их байна. Байгууллагын төсвийн 50 хувийг иргэдийн хураамжаас үлдсэн 50 хувь нь улсын төсвөөс орж ирдэг. Тэгэхээр манай хоолойг санхүүгийн хараат байдал боогоод байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн наймдугаар сард манай байгууллагын 5.2 тэрбум төгрөгийн төсвийн дэмжлэгийг шууд хасч, хараат бус байдалд нь халдсан. Өөртөө хараат болгосон. 3 сая хүний өмчлөлтэй байгууллагын төсөв нэг хүнээс хараат байж болохгүй. Бидний төсвийг хассан. Хасангуут нь бид төсвөө гуйж эргээд төрийнхөө хармаанд орж байна. Алгаа хавсраад л төрөөсөө гуйж байна. Ирэх оны төсвийн дэмжлэгийг ч бууруулаад өгчихсөн. Санхүүгийн хараат  байдалтай бид төрөөс гуйж улс төрийн хараат болж байгаа юм. Улс төрчид өөрсдийнхөө хүмүүсийг томилдог эцэст нь энэ нь редакцийн хараат бус байдалд нөлөөлөөд байна. Ингээд л энэ байгууллагыг бүх талаас нь хүлж байна. Хүмүүс “Өөрсдөө сайн бүтээл хийчихээд дарга, цэргээ шүүмжлээч” гэж хэлдэг. Гэтэл асуудлын эх үндэс нь дээрх зүйл юм.

-Цалин, хангамж муу биш мөн хүний эрхэнд халдаж дуу, дүрс бичдэг хяналтын камер байрлуулаагүй, бэлгийн хүчирхийлэл ч байхгүй гэж Л.Нинжжамц захирал хэлж байсан. Зарим асуудал дээр та хэд маань дэгстүүлээд байгаа юм биш биз дээ. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Л.Нинжжамц болон Н.Дэмбэрэл захирлыг хувь хүн талаас нь ер шүүмжлээгүй. Тэд сайн ээж, аав, иргэн байж болно. Хэт хувь хүндээ бүхнийг татаж авчирч ойлгоод байх шиг байна. Жишээ нь бэлгийн дарамт гэхээр Л.Нинжжамц захирал нэг эрэгтэй ажилтныг барьж аваад дарамт учруулна гэж юу байх вэ дээ. Миний ярьсан асуудлыг мушгиад байгаа юм. МҮОНРТ-д удирдлагатай холбоотой бэлгийн дарамт байна гэж би ярьсан. Түүнийг нь Хүний эрхийн үндэсний комисс шалгаж тогтоосон. Хүний эрхийн Үндэсний комиссын шаардлага, зөвлөмжид ажлын өрөөнд байрлуулсан дүрс, дуу бичдэг 27 камерын тухай ч дурдсан. Манай байгууллага цэргээр хамгаалуулдаг онц чухал объект ч гэлээ дотроо хэвлэлийн эрх чөлөөтэй, үйл ажиллагаа нь чөлөөтэй байх ёстой юм.

Гэтэл араас камер хянаад яриа сонсоод байхаар хэн таатай ажиллах вэ. Хувийн мэдээллээ, мэдээллийн эх сурвалжаа нууцлах шаардлагатай байхад тэр бүгдийг хэн нэгэн сонсоод байж болохгүй. Тэр хяналтын камер нь захирлын өрөөнд байдаг гэх яриа ч бий. Улс төрийн албан тушаалтан ирээд эфирт орохоос өмнө чөлөөтэй ярьсан яриа нь өрсөлдөгч талынханд очвол яах вэ. Ер нь хүний хувийн нууц Үндсэн хуулиар хамгаалагдсан. Гэр бүлийнхээ хүнтэй ярьчих боломжгүй болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр олон улсын гэрээ конвенц, Монгол улсын хуулиудыг зөрчсөн гэж үзсэн.

-Маргааш Үндэсний зөвлөлийн хариу гараад ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалт хийх эсэх нь тодорхой болох юм байна. Нээлттэй сонгон шалгаруулалтыг хийхгүй гэвэл яах вэ?

-Нээлттэй сонгон шалгаруулалт хийхгүй, Н.Дэмбэрэл гэдэг хүн захирал хэвээр үлдэнэ гэвэл бид хамт олноороо ярилцана. Хаалттай сонгон шалгаруулалтаар томилогдсон учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа юм. Гэхдээ миний хувьд Н.Дэмбэрэл гэдэг хүн ажиллаад үзэг, мэдэхгүй байж хувь хүнийг нь яаран шүүмжлээд яах вэ гэж бодоод байгаа юм. Ерөнхийлөгчтэй ярилцсан ярилцлага дээр л би голлож сэтгэгдэл хэлсэн. Өөр зүйл дээр одоохондоо шүүмжлээгүй байна.

-НАДАД МАШ ИХ ДАРАМТ ИРЖ БАЙГАА-

-Чамд ямар нэгэн дарамт ирж байна уу?

-Маш их дарамт шахалт ирж байгаа. Ажил дээр ч элдэв дарамтууд бий. Манай есөн захирал миний эсрэг шүүхэд гомдол гаргачихсан. Удахгүй шүүх хуралдаан болно. Ярилцлагын төгсгөлд хэлэхэд, нам засаг, эрх баригчдад баригдалгүйгээр үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх ёстой байгууллага бол МҮОНРТ. Гэтэл төр 2005 оноос хойш 16 жил энэ байгууллагын хуулийг хамгийн их зөрчиж байна. Төрөөс санхүүгээр дамжуулан өөрсдийнхөө хараат байлгаж байна. Өөрсдийнхөө хүнийг даргаар томилж редакцийн хараат бус байдалд нөлөөлж байгааг бид өөрчлөх гэж буй юм. Гэтэл үүнийг иргэд тэр дундаа манай салбарынхан ойлгодоггүй. Биднийг сандал, суудлын төлөө яваад буй юм шигээр буруу ойлгодог. Редакцийн хараат бус байдал алдагдахаар энэ байгууллага намын тархи угаах хэрэгсэл болоод байна. Гэхдээ бид сенсааци хөөсөн мэдээллийг гаргах боломжгүй байдаг. Учир нь хуулиндаа маш өндөр ёс зүй, нийгмийн шаардлагуудыг тусгаад өгчихсөн. Төвийг сахисан, үндэсний эрх ашгийг дээдэлсэн, бүх насныханд, бүх ястан үндэстэн, аймаг, орон нутаг гээд нийгмийн бүх хэсэгт зориулж хүртээмжтэй мэдээлэл явуулдаг. Тийм учраас ерөнхий харагддаг байх. Тэгэхээр хүн болгонд таалагдах албагүй ч хүн бүрт хүрэх ёстой зарчмаар ажилладаг. Оюуны дархлаа унаж, үндэсний онцлог бүдгэрэх, алс холын ястан үндэсний мэдээлэл хоцрогдохоос сэргийлдэг байгууллага шүү дээ. Монголын цирк, Кино үйлдвэрийн араас амийг нь тасалж, татан буулгаж болгоно. Маш амархан. Гэхдээ энэ байгууллагыг зайлшгүй байх ёстой гэж ухаант хүмүүс үзсэн юм шүү.

-Ярилцсанд баярлалаа.