Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусийн оношлуурын зөвшөөрлийг баталгаажуулахаар ажиллаж байна

Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусийн оношлуурын зөвшөөрлийг баталгаажуулахаар ажиллаж байна

Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тогтож буйг оношлох оношлуурыг зохион бүтээсэн юм. Тэгвэл эсрэг бие илрүүлэх оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авсан бол одоо хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

“ЭЛИЗА” нэртэй энэхүү оношлуураар SARS-CoV-2 вирусийн халдварыг хүний цус, сийвэнд илрүүлэх, вирусний тархалтыг судлах, хүн амын дундах дархлаа тогтолцоог хянах боломжтой болох юм. Энэхүү оношлуур гаргаж авах судалгааны ажлыг найман сарын хугацаанд хийжээ.

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Оюунсүрэн “Энэхүү оношлуураар коронавирусний халдвар аваад эдгэсэн хүмүүст вирусийн эсрэг бие буюу дархлаа тогтсон эсэхийг үздэг. Оношлуурын бүтээхдээ бид эхлээд 16 сая төгрөгийн санхүүжилт авсан. Дараагийн шатанд БШУЯ-наас 180 сая төгрөгийн санхүүжилтийг гаргаж өгсөн. Одоо уг оношлуурыг Монгол Улсад хэрэглэж болно гэсэн зөвшөөрлийг баталгаажуулахаар ажиллаж байна” гэжээ.