Төв аймагт 270 гаруй буга, 700 гаруй цагаан зээр ХҮНИЙ тавьж өгсөн өвс, тэжээлээр идээшлэн өвөлжиж байна

Төв аймагт 270 гаруй буга, 700 гаруй цагаан зээр ХҮНИЙ тавьж өгсөн өвс, тэжээлээр идээшлэн өвөлжиж байна

2021 он, нэгдүгээр сарын 16. Өвлийн дунд сар хэдийн эхэлж, хүйтний эрч чангарсан ч хэсэг залуус боодолтой өвс зөөн цурамхийлгүй хөдлөнө. Нийслэл хотод тархаад буй халдварын улмаас бүгд амны хаалт зүүсэн ч тэдний нүд баяр хөөрөөр гэрэлтэж, хэр их өвс, хужирыг хаана хаана хуваарилахаа чангаар ярилцах аж.

Харин тэдний өвс тавьж буй газраас хэдэн километрийн цаана хэсэг бугын сүрэг чихээ сортос хийлгэн, туяхан хөлөөрөө цас ухан тэднийг ажин зогсох нь боодолтой өвсөө тавьчихаад хэзээ явах бол хэмээн харж байгаа гэлтэй. Залуус ч дуу шуу болцгоон бугын сүрэгт өвс, хужир тавьж өгчихөөд дараагийн шинэхэн найзууд болох цагаан зээрнүүд рүү явцгаах аж. Харин тэднийг явахыг хэсэг ажиглан зогссон сүргийн хамгийн сэргэлэн гэмээр нэгэн буга шогшин ирж, өвснөөс ширд ширдхийлгэн зажлаад бусад руугаа харан чихээ хөдөлгөх нь “хүрээд ир ээ” хэмээн дуудаж байх шиг харагдана.

Тэдний энэхүү дүр зураглалыг харсан хэн ч болов “хүн болон амьтны хооронд л байдаг гайхалтай нэгэн эмзэг холбоог “ мэдрэх шиг болно. Энэхүү байдал дахиад нэг сар л үргэлжилвэл зэрлэг бугын сүрэг хүн зонд ээнэгшин дасах нь гарцаагүй биз ээ.

-ТӨВ АЙМГИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ЦАГААН ЗЭЭР, БУГЫН СҮРЭГТ ӨВС, ТЭЖЭЭЛ, ХУЖИР ТАВЬЖ ӨГӨН ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВАХ БАХАРХАМ ҮЙЛСТ НЭГДЭЦГЭЭЖЭЭ-

Энэ өвөл Төв аймгийн хэд хэдэн суманд 270 гаруй буга, 700 гаруй цагаан зээрийн сүрэг уул, талаас нүүдэллэн орж иржээ. Ийш тийшээ хуйлран давхилдаж, өхөөрдөм хөөрхөн нүд нь мэдэхгүй орчинд ирсэн айдастай харагдах нь хүмүүсээс тусламж гуйн ирсэн мэт санагдана. Тиймээс ч нутгийн малчид айлгаж, үргээхгүйг хичээн чадлаараа өвс тэжээл тавьж өгчээ. Удалгүй тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас шуурхай арга хэмжээ авч, сумдын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт зэрлэг ан амьтныг суурьшлын бүс рүү оруулахгүй байх, ядарч сульдсан амьтдад өвс, хужир тавьж өгөх тухай албан тоот хүргүүлсэн байна.

Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Баянцогт Баянчандмань, Угтаалцайдам, Архуст, Эрдэнэ, Сэргэлэн зэрэг сумын нутагт зээр болон бугын сүрэг өнгөрсөн сард нүүдэллэн орж иржээ.

Сумдын байгаль хамгаалагчид ч амьтдын сүргийг хайрлан хамгаалах үүргээ дуртайяа биелүүлж буй нь бахархам санагдана. Тэд одоо Төв аймгийн сумдаас 2,3 километрийн зайтай орших айлуудын ногооны талбай болон уулын энгэр бэлээр сүрэглэн бэлчиж, байгаль хамгаалагчдын тавьж өгсөн өвс, хужираар идээшин тухтай өвөлжиж байна. Идшийг долоо хоногтоо нэг удаа тавьж өгдөг тул өвс, хужир нь дууссан төдийд л тэд хүмүүсийг ирэх болов уу хэмээн өлийн зогсдог болжээ.

-АН АМЬТДЫН СҮРЭГ АЙЛУУДЫН НОГООНЫ ХАШАА БОЛОН УУЛЫН ЭНГЭР, БЭЛЭЭР ИДЭЭШИЛЖ ҮЕ ҮЕ ҮЗЭГДЭХ БОЛСОН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫГ ХЭДИЙН ТАНЬДАГ БОЛЖЭЭ-

Эрдэнэсант сумын дөрвөн байршилд 500 кг хужир, 250 кг өвс тавьсан бол Баянчандмань сумын хоёр байршилд 400 кг хужир, Аргалант сумын гурван байршилд 450 кг ногоон тэжээл, Баян-Өнжүүл сумын гурван байршилд 500 кг хужир таван боодол өвс, Хойд Өнжүүл ууланд зургаан байршилд нэг тонн хужир, Бүрэн сумын нэг байршилд  30 боодол өвс, 10 шуудай хужир тус тус тавьж өгчээ. Харин Аргалант сумын тамгын газраас мэдээлснээр буга, цагаан зээрийн сүрэг тариалангийн хашаатай талбай, сумын төвийн орчимд ихээр орж ирсэн тул Ар-Дулаан, Майхны ам, Халиун булаг зэрэг гурван цэгт 450 кг өвс тавьж, амьтдын бэлчээрлэх бололцоог бүрдүүлсэн гэнэ.

Байгаль хамгаалагчдын ярьж буйгаар “цас их орж хүйтэрснээс зэрлэг ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтанд тооцогддог буга, цагаан зээр сүрэглэн уулнаасаа бууж ирдэг. Энэ бол хүмүүсээс тусламж гуйж байгаагийн хамгийн том илрэл.

Тиймээс ч бид жил бүр зэрлэг ан амьтдад зориулж өвс, тэжээл нөөцөлдөг. Одоо биднийг амьтдын сүрэг таньдаг болсон байх. Идэш тэжээлийг нь хэрхэн тавьж өгч байгааг маш анхааралтай ажиглан хардаг. Бидний бэлдсэн өвс тэжээлээр ан амьтад тухтай өвөлжөөд хавартай золгон, ууландаа буцан одохыг нь харах үнэхээр сайхан” хэмээн ярьж байсан юм.

Цас их орж, өвөлжилт хүндэрэхэд ан амьтад уулнаасаа буун хүн зоноос тусламж хүсэн ирэхээс гадна ямар нэгэн байгалийн гамшиг тохиолдоход зөнгөөрөө мэдэрч сүргээрээ суурьшмал газар барааддаг гэсэн ухаант өвгөдийн яриа ч буй. Тиймээс ч хэд хоногийн өмнө Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлттэй энэхүү буга, цагаан зээрийн сүргийг холбон тайлбарлаж байсан хүмүүс олон байсан.

Ямар ч шалтгаантай байсан байгаль эхээс заяасан зохилдлогын дагуу хүн болон ан амьтад нөхөрсөгөөр хамтран урин дулаан цагтай золгоно гэдэг юутай их хувь тохиол. Хүн, байгаль хоёр хүй нэгтэй оршдог гэдгийн жишээ энэ ажээ. Өвлийн дунд сар хэдийн эхэлж, хүйтний эрч чангарсан ч хэсэг залуус боодолтой өвс зөөн цурамхийлгүй хөдлөнө. Нийслэл хотод тархаад буй халдварын улмаас бүгд амны хаалт зүүсэн ч тэдний нүд баяр хөөрөөр гэрэлтэж, хэр их өвс, хужирыг хаана хаана хуваарилахаа чангаар ярилцан цаашлах аж.