ОХУ-ын 28 иргэн УБТЗ-ийн шугамаар Монголд ирсэн нь ҮНЭН гэх баримтыг олон нийтэд дэлгэжээ

ОХУ-ын 28 иргэн УБТЗ-ийн шугамаар Монголд ирсэн нь ҮНЭН гэх баримтыг олон нийтэд дэлгэжээ

Өнгөрөгч арван нэгдүгээр сард Дархан, Сэлэнгэ аймгуудад коронавирусийн халдвар гарсан нь Төмөр зам дагасан халдвар гэж зарим эх сурвалжууд мэдээлж байв. Учир нь Дархан-Уул аймагт “Төмөр замын байгууллагын соёлын болоод спортын арга хэмжээ зохион байгуулагдаж, тус аймагт гурав хоног олон зуун хүн ирж, найрлаж, урлаг спортын арга хэмжээ хийсэн. Улмаар энэхүү арга хэмжээнд ОХУ-ын иргэд ирж оролцсоноос үүдэн халдвар тархсан” гэж хардаж байсан билээ.

Мөн энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Төмөр замчдын тэмцээний хувьд ганц, нэг ОХУ-ын иргэд оролцсон. Тухайн иргэд шинжилгээтэй байсан учир халдвар тараасан гэж бид үзэхгүй байна” гэж мэдэгдсэн. 

Гэтэл УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных гэгч Төмөр зам дахь Цагдаагийн газарт гомдол гаргасан байдаг. Тэрээр гомдолдоо “зарим нэг эрх бүхий албан тушаалтнууд хэвлэлийн бага хурлын үеэр “төмөр замчдын тэмцээний үеэр ганц хоёр ОХУ-ын иргэн байсан” мэтээр ярилцлага өгсөн байна. 

Иймд Монгол улсын хэмжээнд Онц байдал зарласан энэ үед бусдыг төөрөгдөлд оруулж,  олон нийтийн мэдээллийн сүлжээг ашиглан бусдыг гүтгэн, илт худал мэдээлэл тараасан дээрх үйлдэл нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар бүлгийн 13.14-т заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжтэй байх тул холбогдох этгээдүүдийг хуулийн дагуу шалгаж, энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоож өгнө үү гэсэн байдаг. 

УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч ОХУ-ын иргэний гаргасан гомдол

Тэгвэл Үндэсний шуудан сонин өчигдөр /2021.01.15/ -ийн дугаартаа “Алтанбулагийн боомтоор ирсэн ОХУ-ын 28, Украины хоёр иргэн голомтын сэжигтэн мөн үү” гэх мэдээллийг нийтэлжээ. Тус мэдээлэлд “Алтанбулаг хилийн боомтоор УБТЗ ХНН-ийн шугамаар Монгол Улсад ирсэн гадаадын иргэдийн мэдээлэлд 2020 оны есдүгээр сарын 5-ны өдөр ОХУ-ын 28 иргэн, Украины хоёр иргэн Алтанбулаг боомтоор орж ирсэн байх юм” хэмээгээд ОХУ-ын иргэдийн нэрс бүхий баримтыг дэлгэжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.