ШҮҮМЖ: Тусламжийн өвс нэрээр малчдад ДЭРС өгчээ

ШҮҮМЖ: Тусламжийн өвс нэрээр малчдад ДЭРС өгчээ

Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Дундговь, Өмнөговь зэрэг аймагт өвөлжилт хүндэрч малчдын нөхцөл байдал хүндхэн байна. Малчид малаа онд мэнд оруулахын тулд зуншлага сайхан болсон аймгуудад оторлох, өвс тэжээлээ бэлдэх зэргээр дор бүрнээ хичээж буй. 

Малчдын нөхцөл байдлыг хөнгөвчлөх зорилгоор Засгийн газар, Улсын онцгой комисс, нутгийн захиргаа болон бусад ТББ, хувь хүн, албан байгууллагаас өвс, тэжээл болон бусад зүйлсийн дэмжлэгийг үзүүлж байгаа. 

Тэгвэл саяхан Говь-Алтайд тусламжаар очсон өвс, тэжээл нь малчдын сэтгэлийг гонсойлгосон гэх мэдээлэл манай редакцид ирэв. Тодруулбал, Говь-Алтай аймгийн ... суманд нэг шланз машинаар өвс, тэжээл ирсэн байна. Гэтэл нь өвс нь тэр чигтээ дэрс бөгөөд бог мал тоож идэхгүй байгаа аж. Цаашлаад тэжээл нь хар өнгөтэй мөн л мал идэхгүй голсон байна. 

Бид энэ талаар малчин Э-тэй холбогдож тодрууллаа. 

-Танай суманд очсон тусламжийн өвс тэр чигтээ дэрс байсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү? 

-Үнэн. Утасны цэнэглэгч шиг бүдүүн дэрс л байна лээ. Малчид тоож авахгүй сумын урд овоолоод тавьчихсан байна лээ. Би нэг боодлыг авч малдаа өгсөн ч тоож идэхгүй тэмээ л жаахан идсэн. 

-Тэжээлийн чанарын хувьд ямар байсан бэ? 

-Тэжээл хар өнгөтэй мөн л мал тоож идэхгүй байна. Бид хэдэн шуудайг аваад өөр тэжээлтэй бага, багаар хольж өгч байна. 

-Хаанаас ирсэн өвс, тэжээл байсан юм бол. Та бүхэн хаяг, шошгыг нь харав уу? 

-Улсаас л өгч байгаа юм сонсогдсон. Яг хаанаас гэдгийг мэдээгүй. Нэг том шланз өвс, тэжээл л ирсэн. 

-Танай нутагт өвөлжилт ямар байна? 

-Өвөлжилт хүнд байна. Манайх оторлоогүй. 300 толгой малтай. Эхнэртэйгээ хоёулхнаа малаа малладаг. Манай нутагт сүүлийн гурван жил зун болоогүй учраас мал тарга, тэвээрэг аваагүй. Одоо бол тун хэцүү л байна.

Харин бид уг мэдээлэлтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай холбогдож тодруулахад "Засгийн газраас малчдад эрдэс бодис, тэжээл, хүчил өгсөн. Түүнээс өвс өгөөгүй. Улсын онцгой комиссоос өгсөн байж магадгүй" гэлээ.

ДҮГНЭЛТ: Улсын онцгой комиссоос зохион байгуулсан ажлын хүрээнд аймаг, аймгийн фондоос малчдад өвс очсон байх магадлалтай байна. Харин тэжээлийг Засгийн газраас тэжээлийг олгожээ. Гэхдээ хэн ч өвс өгсөн малчдаа зүдэрч явах хүнд цагт нь тусалж буй нэрээр муу бүтээгдэхүүн шахаж буй нь зохисгүй үйлдэл юм. Үүний цаана ямар нэгэн ашиг, хонжоо бий юу гэдэг ч анхаарал татаж байна. 




С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

13 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

13 цагийн өмнө

Шуурхай мэдээ