Москвад болсон жагсаалыг хүчээр тарааж, 1000 гаруй хүнийг баривчилжээ

Москвад болсон жагсаалыг хүчээр тарааж, 1000 гаруй хүнийг баривчилжээ

Өнгөрөгч бямба гарагт буюу долдугаар сарын 27-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотод сөрөг хүчнийхэн хууль бус жагсаал зохион байгуулсан. Тодруулбал, Москва хотын думын сонгуульд сөрөг хүчний зарим идэвхтнүүд хуурамч гарын үсэг бүрдүүлсэн, нас барсан хүний нэрсийг гарын үсгийн жагсаалтанд оруулсны улмаас нэр дэвшигчээр бүртгүүлж чадаагүйтэй холбоотой юм.

Тус жагсаалд 3000 гаруй хүн цугласнаас 1000 гаруй хүнийг баривчилсан. Дотоод хэргийн яамны албан ёсны мэдээллээр 1074 хүн хэрэг зөрчлийн улмаас баривчлагдсан ч тухайн өдөртөө суллагдсан бөгөөд жагсаал огтхон ч тайван замаар болоогүй гэж Вести мэдээлжээ. Баривчлагдсан иргэдийн заримд нь торгууль ногдуулсан бол нөгөө хэсгийнх нь хэргийг даваа гаригт шийдэхээр хойшлуулаад байгаа аж. 

Цагдаагийнхан цугласан олонд хандан тарахыг ятгасан ч эсэргүүцэл үзүүлэн, лонх, чулуу, төмөр сав шидэж эхэлжээ. Удалгүй эмх замбараагүй байдал улам гаарч, жагсагчид гичийн хий ашигласан байна. Ийнхүү нөхцөл байдал хүндэрсэн тул цагдаагийнхан бүслэлт хийн, жагсагчдыг хүчээр тараах ажиллагаа эхлүүлсэн аж.

“Энэ баривчилгаа болон энгийн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн явдал нь сүүлийн өдрүүдэд сөрөг хүчний улс төрчдийг цувруулан баривчилж, тэдний эсрэг цагдаагийн хүч ашигласны дараа гарсан бөгөөд энэ нь үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх үндсэн эрхийг зөрчиж байна” хэмээн Европын гадаад бодлогын албаны төлөөлөгч мэдэгдээд буй юм.

Харин хууль бус жагсаалд иргэдийг уриалсан шалтгаанаар хоригдож байгаа Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд харшлын хурц шинж тэмдэг илэрсэн тул Ням гарагт эмнэлэгт хүргэгджээ. Сөрөг хүчний улс төрчдийн орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг сонгуулийн комисс хүлээж аваагүй тул тэр эсэргүүцлийн жагсаалд иргэдийг уриалж байв. Үүнийхээ төлөө Навальный 30 хоног хоригдох шийтгэл хүлээсэн юм. Харшлын шалтгаан тодорхойгүй, Навальныйд өмнө нь ямар нэг харшлын шинж тэмдэг огт илэрч байгаагүйг түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш мэдэгджээ.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө