Малайзын цагдаа нарын дунд хар тамхины хэрэглээ нэмэгдсэнийг дарга нь хүлээн зөвшөөрчээ

Малайзын цагдаа нарын дунд хар тамхины хэрэглээ нэмэгдсэнийг дарга нь хүлээн зөвшөөрчээ

Малайз улсын цагдаагийн албан хаагчдын дотор донтогчид нэмэгдсэн нь хар тамхитай хийх тэмцэлд саад болж байгааг тус улсын цагдаагийн дарга хүлээн зөвшөөрчээ. Генерал Абдул Хамид Бадор өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр ярихдаа нутгийн хүмүүс шабу гэж нэрлэдэг метамфетамин нь тус улсад хамгийн өргөн хэрэглэгддэг мансууруулах бодис болсныг хэлсэн байна.

Малайз улс нь хар тамхины тээвэрлэлтийн гол замд тооцогддог бөгөөд өнгөрсөн онд түүхэндээ хамгийн их метамфетамин илрүүлсэн нь голдуу хөрш Мьянмараас нэвтэрсэн байжээ.

“Донтогчдын тоо жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдлээ. Зөвхөн жирийн иргэдийн дунд биш, бас манай хүмүүсийн дотор ч донтогчид нэмэгдэж байна. Долоо хоног бүр бид метамфетаминд мансуурсан хүмүүсээ илрүүлж, баривчилдаг болоод байгаа” гэж генерал сэтгүүлчдэд ярьсан байна.

Тэрээр цааш нь ярихдаа “Энэ улсад нүүрлэсэн хар тамхины аюулыг хэрхэн бүрэн хяналтдаа оруулах аргыг бид олж чадаагүй байна” гэжээ. Өнгөрсөн тавдугаар сард Малайзын эрх баригчид Мьянмараас цайнд нууж  нэвтрүүлсэн 1.2 тонн орчим метамфетамин хураасан нь хар тамхины хамгийн том илрүүлэлтэд тооцогдсон байна.

Мьянмар улсын засгийн газрын хяналтаас гадна оршдог алслагдсан хилийн бүс нутгуудад олон арван жилийн турш хар тамхины ургамал тариалж байгаа бөгөөд эндээс Зүүн Өмнөд Азийн орнуудын метамфетамины ихэнх хэрэгцээг хангадаг юм.




Улаанбаатарт 8 градус дулаан байна

23 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

23 цагийн өмнө